Булган аймагт нийгмийн сайн сайхны төлөө сайн үйлс бүтээлээ.

Нийтлэгдсэн: 2 жил, 11 сар өмнө

Монполимет Группын дэргэдэх Булган хишиг хөгжил сан нь 2011 онд Булган аймгийн хэмжээнд “Монгол Гэр” төсөл, Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих болон эрүүл мэнд, боловсролын салбарт нэлээдгүй ажлыг хийж хэрэгжүүлсээр ирсэн билээ. Үүний үргэлжлэл болгон Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаагийн “Итгэл-Хавдаргүй Монгол Үндэсний Сан”-тай хамтарч Булган аймгийн нэгдсэн эмнэлэгийн Хавдрын кабинетэд Хавдар хөнгөвчлөх эмчилгээний 23 нэр төрлийн 20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг өгч, хоёр платыг иж бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө.

Булган аймаг нь хавдрын өвчлөлөөр улсын хэмжээнд хоёрт ордог, эрсдэл өндөртэй бүс. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдрын кабинетын эмч Б.Халиун “Итгэл-Хавдаргүй Монгол Үндэсний Сан”-д хандан “Хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасгийг иж бүрэн тохижуулах” төсөл хүргүүлсэн нь ийнхүү дэмжигдсэн байна. Энэхүү тасгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Тэргүүн хатагтай, “Итгэл-Хавдаргүй Монгол Үндэсний Сан”-гийн тэргүүн Х.Болормаа, “Монполимет групп”-ын зөвлөх, “Булган Хишиг Хөгжил Сан”-гийн тэргүүн Ц. Гарамжав, Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат нар оролцож тууз хаачиллаа.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сайн үйлс дэлгэрүүлж байгаад Булган аймгийн Эрүүл мэндийн салбарын хамт олон талархаж байлаа.

Энэ үйл ажиллагааны дараагаар “Булган Хишиг Хөгжил Сан”-гийн “Монгол Гэр” төслийн хүрээнд Булган аймгийн зарим сумдын орон гэрийн хэрэгцээ шаардлагатай байгаа 15 гэр бүлд давхар бүрээстэй, таван ханатай, шалтай, эрээн гэр гардуулах үйл ажиллагаа аймгийн төв талбайд боллоо.

Энэ удаагийн “Монгол Гэр” төслийн хүрээнд Булган аймгийн Булган сумын 7, Орхон сумын 3, Баян-Агт сумын 2, Хялганат тосгоны 1 гэр бүлд гэр гардуулж тус сангаас зохион байгуулсан “Миний амьдралын хоёр өнгө” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд байр эзэлсэн Булган аймгийн Булган сумын сурагч П.Урангоо, Баян-Агт сумын сурагч Б.Занабазар, Хутаг-Өндөр сумын сурагч н.Алтанбагана нарт Их дээд сургуулийн сургалтын төлбөр, Булган сумын сурагч Г.Гандэлгэрэх, Хутаг-Өндөр сумын сурагч Г.Отгонбямба нарт иж бүрэн Dell компьютер, Д.Даваасамбуу, Г.Мөнх-Эрдэнэ, н.Намхайжанцан, н.Наранбаяр нарт хичээлийн хэрэглэл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

”Булган Хишиг Хөгжил Сан”-гийн зохион байгуулсан дээрх ажилд нутгийн иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, унаган нутаг Булган аймагтаа өшөө их зүйл хийж, нутаг орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байдагт талархаж явдагаа “Булган Хишиг Хөгжил Сан”-гийн тэргүүн Ц.Гарамжавт илэрхийлж байлаа.