Монголдоо анхдагч Эко цементийн үйлдвэр Монцемент мэндэллээ.

Нийтлэгдсэн: 11 сар, 3 долоо хоног өмнө

Монгол улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх Монцемент төслийг Монполимет Групп, Монгол Улсын Хөгжлийн банк болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны санхүүжилтээр говийн бүс нутагт жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх Монголын анхны хуурай аргын үйлдвэр баригдаж ашиглалтанд орлоо. Дорнын их говьд олборлох салбараас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортыг орлох үйлдвэрийг Монполимет Групп нь анх 2007 оноос хойш Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит Худаг шохойн чулууны ордыг түшиглэн Монцемент үйлдвэрийг дэд бүтэц, технологи болон бизнес төлөвлөгөөг цогцоор нь олон улсын хэмжээнд боловсруулж хөрөнгө оруулагчдыг амжилттай татаж чадсан байна.

Үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг Монполимет Группыг үүсгэн байгуулагч, зөвлөх Ц.Гарамжав, Монполимет Группын Ерөнхий захирал, Монцемент төслийн удирдагч Н.Мөнхнасан болон яам тамгын газрын дарга нар, албаны бусад хүмүүс оролцлоо.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч. Сайханбилэг “Хоёр жилийн өмнө би энэ талбайд ирж байлаа. Тэгэхэд зэлүүд хоосон газар байсан. Богинохон хугацаанд энэ том үйлдвэрийг яаж барьж байгуулах вэ гэж эргэлзэж байснаа нуух юун. Харин өнөөдөр Монгол Улсын эдийн засагт, тэр дундаа аж үйлдвэрийн салбарт, барилгын салбарын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нэгэн тод үйл явдал болж байна ” гэв.

Цементийн үйлдвэр байгуулагдсанаар эдийн засагт оруулах бодит хувь нэмэр өсөж импортын бүтээгдэхүүнийг орлох, гадагшаа чиглэсэн валютын урсгалыг багасгах, түүхий эдээ боловсруулж нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх, орон нутгийн иргэд ажилтай болох зэрэг олон боломж нээгдэж байгааг Монцемент төслийн удирдагч Н.Мөнхнасан онцлон хэлж байв.

Нээлтийн үеэр Монгол Улсын Засгийн газрын шагнал Уул уурхайн тэргүүний геологич шагналаар тус үйлдвэрийн геологич Ч.Отгонбаяр , Эрчим хүчний тэргүүний ажилтнаар цахилгааны инженер Б.Анхбаяр, Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан шагналаар механик инженер С.Лхагвасүрэн нарыг шагналаа.

Ийнхүү Монгол улсдаа хамгийн oрчин үеийн Эко цементийн үйлдвэрийг барьж , ашиглалтад оруулан цемент үйлдвэрлэлийн шилдэг шинэ технологиудыг нэвтрүүлж олон улсын мэргэжилтнүүдийн багтай менежментийг зүй зохистойгоор зохион байгуулж амжилтанд хүрч буй Монцемент үйлдвэр үүд хаалгаа нээлээ.

Монцемент төсөл нь Франц улсын Лафарж Групп, Их Британи, Австрали, БНХАУ, Швейцари улсуудын салбартаа тэргүүлэгч байгууллага, зөвлөхүүдийн оролцоотойгоор төслийн эдийн засгийн үндэслэл, эко технологи, компанийн нийгмийн хариуцлагын бодлого төлөвлөгөө, төслийн менежмент, үйлдвэрийн аюулгүй үйл ажиллагаа, засвар үйлчилгээний зохион байгуулалтуудыг боловсруулан амжилттай хэрэгжүүлж байгаа юм байна.

Энэ үйлдвэрийн эко тодотголын онцлог нь тоосжилт, азот, хүхрийн ислийн ялгаруулах хэмжээ нь Монгол улсын болон Европын стандарт, шаардлагыг хангасан байгаль орчинд ээлтэй технологитой, эрчим хүч, түлшний хэмнэлт ихтэй, ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэн 90% – ийг дахин ашиглах технологитой, үйлдвэрийн хаягдал дулаан хийг ашиглан 5 мегаватт хүртлэх цахилгаан үйлдвэрлэх Монгол Улсдааанхны шинэ технологийг нэвтрүүлж байгаагаараа бусад цементийн үйлдвэрүүдээс онцлог давуу талтай болжээ.

Монгол улсын өнөөгийн уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас төрөлжсөн эдийн засаг руу шилжих хөгжлийг дэмжсэн, импортыг орлож гадаад валютын урсгалыг дотооддоо барих энэхүү үндэсний үйлдвэрлэл нь орон нутгийн төсөвт хөрөнгө бүрдүүлж, 500 гаруй шинэ ажлын байрыг бий болгож, бүс нутагт үйлдвэр дагасан туслах аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэдний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх маш чухал ач холбогдолтой юм.