Монгол Улсын “ТОП-100” аж ахуйн нэгжүүдийн нэгээр “Монполимет” ХХК 13 дахь удаагаа өргөмжлөгдлөө.

Нийтлэгдсэн: 10 сар, 3 долоо хоног өмнө

Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран 2001 оноос жил бүр уламжлал болгон Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй манай улсын шилдэг /ТОП/ аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж ирсэн явдал бөгөөд уг арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгууллаа.

“ТОП-100”-г өргөмжлөх ёслолын арга хэмжээ Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт болсон бөгөөд арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн Сайд Д.Эрдэнэбат, Сангийн Сайд Ж.Эрдэнэбат, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын удирдлагууд, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн холбогдох байгууллагуудын төлөөлөл болон МҮХАҮТ-ын удирдлагууд оролцон аж ахуйн нэгжүүдэд баяр хүргэж шагнал гардууллаа.

Энэ онд шалгаруулалтын зарчмыг өөрчилж холбогдох төрийн /Сангийн Яам, СЗХороо, ҮСХороо, МХЕГ, ТЕГ, НДЕГ, ГЕГ/ байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажилласан. Өөрөөр хэлбэл эдгээр байгууллагуудаас аж ахуйн нэгжүүдийн албан ёсны мэдээ, тайланг авч түүнд үндэслэн ажлын хэсэг харилцан ярилцсаны үндсэн дээр тодорхой үзүүлэлтүүдээр гаргаж, “ТОП-100” аж ахуйн нэгжийг ӨРГӨМЖИЛСӨН юм.

Монполимет ХХК-ын хувьд энэхүү нэр хүндтэй шагналыг 13 дахь удаагаа гардан авч байгаа нь уул уурхайн салбарын хямралын жилд улсад төлсөн татвар хураамж, эрдэнэсийн санг арвижуулах, хүний нөөцийн бодлогоо ухаалгаар шийдэж ажилтан боловсон хүчнээ нэмэгдүүлэн ажилласан зэрэг үзүүлэлтүүдээр бусдыгаа манлайлан ажилласны илэрхийлэл боллоо. Өнгөрсөн 2014 оны хувьд улсын хэмжээнд эдийн засгийн уналттай жил байсан төдийгүй уул уурхайн салбарын хувьд хүндхэн жил болж өнгөрсөн ч Монполимет ХХК Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт хэрэгжүүлж буй жилд 1.000.000 тн олон төрлийн портлант цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Монцемент” төслийн цементийн үйлдвэрийнхээ хөрөнгө оруулалтыг татаж их бүтээн байгуулалтынхаа ажлыг амжилттай эхлүүлж чадсан жил байлаа.

Одоо Монцемент төслийн дэд бүтцийн ажлууд бүрэн хийгдэж дуусан үйлдвэрийн барилга байгууламжуудын ажил ид өрнөд байна. Энэ ондоо багтаж тус төслийн нэрийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэхэд бэлэн болно. Энэ нь Монгол улс дотооддоо төдийгүй олон улсад өрсөлдөхүйц чанартай үндэсний брэнд бүтээгдэхүүнтэй болох цаг ойртож байгааг харуулж байгаа юм.