Хөдөөд ассан хөгжлийн зүтгүүр

Нийтлэгдсэн: 1 сар өмнө

Хөдөөгийн суманд хөгжлийн хүрд зогсолтгүй эргэлдэж байгааг бид онцоллоо. Тэнд үйлдвэржилт өрнөж, үе тэнгийн залуус ур ухаанаа уралдуулж нэгэн хүсэл, зорилгын дор гар сэтгэл нийлэн ажиллаж байна. Бид Улаанбаатараас 520 гаруй км замыг туулж Дорноговь аймгийн Өргөн сумыг зорьсон юм.

Нэн тэргүүнд улс орныг хөгжилд хөтлөх ажлыг хамгийн бага нэгж сумаас, тэр “хол”-оос нарийн чимхлүүр, тооцоо судалгаатайгаар эхлүүлж буй дотоодын үйлдвэрийг гараар “барьж”, нүдээр үзэх гэснийх. Мөн улсын төсвийн дэмжлэг бондын мөнгө буюу сүүлийн үед “халуун” сэдэв болоод байгаа Хөгжлийн банкнаас авсан зээлийг хэрхэн үр өгөөжтэй зарцуулсны мөрөөр сурвалжлага бэлтгэхээр томилолт өвөртөлсөн нь энэ.

Нээлтээ хийгээд жил гаруйхан болж байгаа цементийн үйлдвэр гэж төсөөлж очсон нь өрөөсгөл болохыг Өргөн сумын зах руу ороод ойлгов. Монцемент үйлдвэр бүтээн байгуулалт гэдгийг бүрэн утгаар нь харуулж чаджээ. Мөн төслийг цементийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, нэр хүнд бүхий хөрөнгө оруулагч, зөвлөх компаниудтай хамтран хэрэгжүүлж, Монгол Улсын анхны олон улсын хамтарсан үйлдвэр гэдэг нь ч анхаарал татаж байлаа.

Монполимет компани болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 2006 онд бүтээн байгуулалт нь эхэлсэн Монцемент үйлдвэр импортыг орлох барилгын материалыг үйлдвэрлэх, шинэ ноу-хау дэвшилтэт технологийг нэвтрүүлж, бүрэн автомат, байгальд ээлтэй хуурай аргын технологийг ашиглаж байгаа юм.

Түүнчлэн алслагдсан бүс нутгийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, гол бодлогоо чиглүүлж байгааг үйлдвэрийн шат дамжлага, тус үйлдвэрийг удирдан чиглүүлж байгаа мэргэжилтнүүдийн ярианаас харж болно. Өргөн суманд үүдээ нээж, өрхөө татаад байгаа Монцемент үйлдвэр дэд бүтцийг хөгжүүлснээр шинэ суурьшлын бүсийн суурийг тавьж хэзээ мөдгүй Өргөн сум Өргөн хот болох алсын зорилготойгоор ажиллаж байгаа гэж группын Геологи уул уурхайн албаны дарга Б.Баянмөнх хэлэв.

Нээрэн л хүний гар оролцохгүй бүрэн автомат ажиллагаатай нүсэр техник, шинэ технологи хөгжлийг хурдасгаж чадаж байна. Мөн говь нутагт тохирсон ус зарцуулахгүй хуурай аргаар цемент үйлдвэрлэж байгаагаас эхлээд байгальд ээлтэй бүхнийг практикт хэрэгжүүлжээ. Ус холихгүйгээр түүхий эдээ хольдог хуурай аргын үйлдвэр нь дэлхий нийтэд сүүлийн 20 жилд хөгжиж байгаа бол манайд энэ технологийг нэвтрүүлсэн хоёрхон үйлдвэр байдаг аж. Өөрөөр хэлбэл, гол түүхий эд шохойн чулуу, шавар, төмрийн хүдрийг хольж 1500 градуст шатааж цементийн үндсэн түүхий эд чулуун царыг үйлдвэрлэдэг.

Чулуунцар дээрээ байгалийн гөлтгөнө нэмж тээрэмдээд цемент хийх технологи юм. Ингэснээр импортыг орлох олон улсын стандартад тохирсон цемент бэлэн болдог байна. Хуурай аргын технологитой Монцемент үйлдвэрийн бас нэг давуу тал нь үйлдвэрээс ялгарах хаягдал халуун хийг ашиглан таван мегаватт эрчим хүч үйлдвэрлэх Монгол Улсын анхны WHR системтэй эко үйлдвэр юм.

Энэ талаар дулааны инженер н.Батсайхан “Анх удаа үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа WHR систем буюу цементийн үйлдвэрийн хаягдлыг ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг станц нь дэлхийн томоохон орнуудад ашиглаж байгаа технологи. Цементийн үйлдвэрийн хаягдал халуун хийг дахин ашиглаж байгаа нь байгальд хоргүй.

Үйлдвэрийн хэрэгцээний дулааны 40 орчим хувийг өөрсдөө үйлдвэрлэснээр төвийн эрчим хүчний хүндрэл багасна. Тоосжилт, азот, хүлэмжийн хийн ялгаруулалт маш бага. Монгол Улс болон Европын стандарт шаардлагыг хангасан. Эрчим хүч түлш зарцуулалт манай улсад одоогийн ашиглагдаж буй нойтон аргын үйлдвэрээс хоёр дахин бага. Ахуйн болон үйлдвэрийн усны хэрэглээ бага, ашигласан усны 90 хувийг цэвэршүүлэн дахин ашиглана” гэсэн юм.

Монцемент үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тэмээний зурагтай портланд цемент гэдгээр нь бид сайн мэднэ. Тэгвэл эднийх Дани улсын Flsmidth компанийн бүрэн автомат, цементийг 50 кг-аар савлах тоног төхөөрөмжийг суурилуулж, хамгийн сүүлийн үеийн электрон жинлүүрийн систэй учир жингийн зөрүү гардаггүй аж. Савлагааны төхөөрөмж цагт 80 тонн, 1600 ширхэг 50 кг-ийн цемент савлах хүчин чадалтай. Хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй портланд цемент барилгын өргөн хэрэглээний зориулалттай бетон, төмөр бетон, гүүр далангийн барилга, зам барилга гэх мэт барилгын бүх төрлийн хэрэглээг хангана. PC-52.5 нь өндөр бат бэх бүхий төмөр замын бетон, дэр, өндөр хүчдэлийн шон зам гүүрт хэрэглэгддэг юм байна.

Ийнхүү сумыг хот болгох хөгжлийн зүтгүүрийг хөдөөд Монцемент үйлдвэрийн хамт олон асаажээ. Үйлдвэрийн 1000 гаруй ажилтны 40 хувь нь орон нутгийнхан. Мэргэжилгүй ч гэсэн хичээл, зүтгэлтэй нэгнийг гадаад, дотоодод сургаж бэлтгээд ажиллуулдаг гэнэ. Тэгээд зогсохгүй үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж зургаан га талбайд 1000 хүний амьдрах орон сууц, цэцэрлэг, үйлчилгээний төв, спорт заал бүхий цогцолбор барилгын ажлыг 2014 онд эхлүүлж өнгөрсөн жил эхний хэсэг нь ашиглалтад ороод байгаа юм.

Энэ бүхэнтэй танилцаж эерэг төсөөлөл, өөдрөг бодолтой явсан надад нэг зүйл ажиглагдсан юм. Хятадаас чанартай, чанаргүй цемент зөөдөг манай улсын импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж , цаашид дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадахаар өргөжиж буй үйлдвэрийг төр засгаас хангалтгүй дэмжиж ирснийг хэн бүхэн мэднэ. Ганцхан жишээ хэлэхэд томоохон тоног төхөөрөмж оруулж эхлэхэд гаалийн татвараас эхлээд төр бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй юм. Ганц цементний үйлдвэр гэлтгүй гааль дээр гацдаг бизнес эрхлэгчид олон. Хөгжингүй орнууд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, наад зах нь гаалийн татвараас тоног төхөөрөмжийг нь чөлөөлдгийг Монцемент үйлдвэрт ажиллаж байгаа Египет мэргэжилтэн хэлж байлаа.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт болон бондоос авсан зээлээр дээр дурдсан нөр их бүтээн байгуулалтыг үйлдвэрийн хамт олон хийжээ. Хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар Геологи уул уурхайн албаны дарга Б.Баянмөнхөөс тодруулахад “Манай үйлдвэр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийн бүтээн байгуулалт 260 сая ам.долларын хөрөнгөөр боссон. Хөгжлийн банкнаас 65 сая ам.доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 25 хувийг авсан.

Монцемент төслийн дэд бүтэц болон үйлдвэрийн барилга байгууламжид зарцуулсан. Монцемент Билдинг Материалс компани Хөгжлийн Банкнаас авсан зээлээ цаг хугацаанд нь ямар нэг хоцрогдолгүй төлсөөр ирснийг хариуцлагатайгаар хэлье. Сүүлийн үед цацагдаад байгаа мэдээллээс харахад Монцемент цогцолбор үйлдвэрийн нөр их бүтээн байгуулалт, хамт олны маань олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрийг энэ мэт хариуцлагагүй мэдэгдлээр харлуулж, үгүйсгэж, улс төржүүлж байгаад мянга мянган хүний аж амьдралыг нуруун дээрээ авч яваа манай компанийн хамт олны хувьд харамсаж байна” гэлээ.

Эх сурвалж: https://gogo.mn/r/199831?fbcli...