Өргөн сум зуншлага сайхан байна

Нийтлэгдсэн: 8 сар, 3 долоо хоног өмнө

Дорноговь аймгийн Өргөн суманд жилд 1 сая тонн олон төрлийн портлант цемент хуурай аргаар үйлдвэрлэх хүчин чадалтай Монцемент төслийн үйл ажиллагаа эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ үйлдвэр нь Монголдоо төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн усны болон цахилгааны өндөр хэмнэлттэй, орчин үеийн ЭКО үйлдвэр юм. Үйлдвэрийн үйл ажиллагаа, ажиллах зарчим, ус, цахилгааны хэрэглээний талаар болон үйлдвэрийн бүтээн байгуулалт, хүний нөөцийн талаар орон нутгийн иргэд, тэр дундаа Өргөн сумын “Сүмбэр” багийн малчид иргэдэд танилцуулж өрх айлуудаар орж ажиллаа.

Үндэсний хөрөнгө оруулалттай, улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалт төрөлх нутагт нь сүндэрлэж байгааг нутгийн иргэд талархан хүлээн авч байлаа. Өргөн сумын 2-р баг буюу “Сүмбэр” баг нь 250 мянган метр квадрат нутаг дэвсгэртэй сумандаа нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр 2-рт ордог, 300 хүн амтай, 94 өрхтэй юм байна. Энэ жил Өргөн суманд зуншлага эрт эхлэсэн болоод ч тэр үү хүн малын зоо тэнийсэн сайхан зун болж байна. Тэгш сайхан зунтай хамт шинэ үйлдвэрийн дуун нүргэлэх цаг ойрхон байна даа.