170 ЖИЛ АЖИЛЛАХ МОНГОЛ ҮЙЛДВЭР

Нийтлэгдсэн: 1 сар өмнө

170 ЖИЛ АЖИЛЛАХ МОНГОЛ ҮЙЛДВЭР-МОНЦЕМЕНТ

170 ЖИЛ АЖИЛЛАХ МОНГОЛ ҮЙЛДВЭР-1 нийтлэлээрээ бид Дорноговь аймгийн "Сэнжит Худаг"-ийн шохойн чулууны нөөцөд түшиглэн баригдсан Монполимет группийн "Монцемент" үйлдвэрийн түүх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар ерөнхий мэдээлэл хүргэсэн. Тэгвэл бид хоёр дахь нийтлэлээрээ тус үйлдвэрийн эко технологийн ололт амжилт, ирээдүйдээ чиглэсэн хүний нөөцийн бодлогын талаар мэдээлэл хүргэх болно. 

"Монцемент" үйлдвэр нь дэлхийн сүүлийн үеийн чиг хандлага болсон хуурай аргын технологиор цемент үйлдвэрлэдэг. Энэ нь эрчим хүч, түлш зарцуулалтаараа Монгол Улсад одоогийн ашиглагдаж буй нойтон аргын үйлдвэрээс хоёр дахин бага гэсэн үг.  МӨН НЭГ Ч ДУСАЛ УС ХЭРЭГЛЭХГҮЙ. ЗӨВХӨН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХӨРГӨЛТӨД маш бага хэмжээний ус хэрэглэдэг. Харин үйлдвэрээс гарч буй халуун хийг ашиглан 5 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэх WHR системтэй гэдгээ "Монцемент" үйлдвэрийн инженерүүд тодотгон ярьж байв. Товчоор бол хамгийн ЭКО үйлдвэр гэсэн үг. 

"Монцемент"-ийн гол бүтээгдэхүүн болох 50 кг-аар савлагдан гарч буй цементийн найрлагыг авч үзвэл ЧУЛУУНЦАР+ЭРДЭС ИДЭВХИТ НЭМЭЛТ+ГӨЛТГӨНӨ=ЦЕМЕНТ байдаг. Бүтээгдэхүүний савлагаан дээрх ORC 42.5 гэдэг нь 1 см2-д 425 кг-аас дээш ачаа даана гэсэн үг. Ийм төрлийн цементийг барилгын ажилд өргөн хэрэглэдэг.

Харин PC 42.5-ыг бетон, төмөр бетон хийц, гүүр далангийн барилга, зам барилгад хэрэглэдэг бол PC 52.5 өндөр чанартай цементийг төмөр замын бетон дэр, өндөр ачаалалтай ажиллах цутгамал байгууламж, өндөр хүчдэлийн шон зэрэгт ашиглана. 

 ХЭМЖЭЭ АЛДАЛГҮЙ САВЛАХ ДАНИ ТЕХНОЛОГИ

Бас нэг онцлох зүйл гэвэл үйлдвэрийн савлах технологи Дани улсын Flsmidth компанийн бүрэн автомат машин байдаг. Энэ машин нь электрон жинлүүрийн системтэй учраас жингийн зөрүү гаргадаггүй ажээ. Тус савлагааны төхөөрөмжөөр цагт 80 тн буюу 1,600 ширхэг 50 кг-ийн ууттай цемент, хоногт 1,920 тн 34,800 ширхэг, жилд 576 мянган тонн 50 кг-ийн ууттай цемент савлаж болно. 

Харин савлагаанаас гарсан цемент хүний оролцоогүйгээр автомашин болов вагоны ачих хэсэг рүү очдог. "Монцемент" үйлдвэрийн цементийн онцлог нь үйлдвэрлэсэн он сарыг шуудайн дээр тод, том харагдахаар бичсэн байдаг бөгөөд худалдан авагчид стандартын шаардлага хангасан, хугацаа нь дуусаагүй цемент авах боломжтой тухай Үйлдвэрлэлийн Ерөнхий технологич Ч.Чойжилсүрэн хэлж байлаа.                                      

                НЭГ ЧАДВАРЛАГ ИНЖЕНЕР БЭЛТГЭХ ЗАРДАЛ 20 САЯ ТӨГРӨГ

Сайн үйлдвэрлэлийг сайн инженерүүд л бий болгоно. Тэр ч утгаараа "Монцемент" үйлдвэрийн боловсон хүчнээ бэлтгэх арга барил нь урт хугацааны, тогтвортой өсөлтийг бий болгох зорилготой. 

Өмнөх нийтлэлд дурдагдсан гадаадын экспертүүд ажлаа хүлээлгэн өгсний дараа үйлдвэрийг "Монгол толгой" авч явах учир ийнхүү анхаарч ажилладаг. Үйлдвэр баригдаж эхлэх цагаасаа нарийн мэргэжлийн боловсон хүчнээ Франц, Энэтхэг, БНХАУ руу явуулж сургажээ. Нэг ажилтны сургалтын зардал ойролцоогоор 20 сая төгрөг болсон байна. 

Мөн үйлдвэрт ажиллах мэргэжлийн ажилчдаа Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн дэргэдэх “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”, Сайншанд дахь МСҮТ болон бусад МСҮТ-үүдтэй хамтран ажилладаг ажээ. 

Үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад 1,000 ажилтан байсан бол одоо тогтмол 400 гаруй Монгол ажилтан байгаа юм. Тэдний 40 хувь нь орон нутгийн иргэд байх бодлогыг баримталдаг. 

ӨРГӨН ХОТЫН ЭХЛЭЛ БОЛСОН 1,000 АЙЛЫН ХОТХОН

Дорнын говьд залуусын сэтгэл зүрхийг тогтоон барих хамгийн гол зүйл нь тохилог орон сууцны асуудал юм. Үүнийг шийдэхийн тулд тэд Өргөн сумаас 2 км-ийн зайнд 1,000 айлын орон сууцны хорооллын барилгын ажлыг эхлүүлж, эхнээс нь ашиглалтад оруулжээ. Тус хотхон нь хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв, спорт заалтай. Одоогоор энд гэр бүлээрээ ажиллахаар ирсэн 30 гаруй залуу хосууд байгаа ажээ. 

Ийнхүү говь талд хоёр Монгол гэр барьж эхэлсэн үндэсний бүтээн байгуулалт өдгөө Монголын томоохон "саалийн үнээ" болох замдаа оржээ. Нэг жилийн дотор баригдсан гэхэд бараг итгэмээргүй том бүтээн байгуулалтыг хувийн хэвшлийнхэн хийж чадсан байна.

ЭХ СУРВАЛЖ: https://ikon.mn/n/wzh?fbclid=I...