ЭКО технологиор тэргүүлэгч МОНЦЕМЕНТ

Нийтлэгдсэн: 2 сар, 1 долоо хоног өмнө

Өнгөрсөн бямба гарагт УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ийн гишүүн Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг нар Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байрлах “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Технологийн дэвшилтэд ЭКО үйлдвэр

Тус үйлдвэр нь 2015 оны наймдугаар сард ашиглалтад орсон бөгөөд дэлхийн хамгийн орчин үеийн дэвшилтэд, эко технологиудыг нэвтрүүлжээ. Жилд нэг сая тонн цемент, цементийн клинкер үйлдвэрлэх хүчин чадал бүхий хуурай аргын цогц үйлдвэр аж. Компанийн удирдлагын зүгээс үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, түлш эрчим хүчний хэмнэлт бий болгохыг үйл ажиллагааныхаа зорилго болгожээ. 360-380С-ийн хэмтэй үйлдвэрийн хаягдал дулааныг ашиглан цахилгаан үйлдвэрлэх сисмемийг (WHR) суурилуулснаар, орчин үеийн технологийн ололт, дэд бүтцийг оновчтой шийдсэн байна. Энэхүү WHR технологи нь дэлхийд 6-хан байдаг хамгийн сүүлийн үеийн техрнологи юм байна. Үйлдвэрийн усны хэрэглээ нойтон аргын технологиос 5 дахин бага, эрчим хүчний зарцуулалт 30 хувиар бага юм байна. Энэ хэрээр түлш зарцуулалт 2 дахин бага байх бөгөөд үйлдвэрийнхээ болон ахуйн хаягдал усны 90 хувийг дахин цэвэршүүлж тоног төхөөрөмжийн хөргөлт болон зам талбайн усалгаа, ногоон байгууламжийн усалгаандаа ашигладаг юм байна.

Сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа үйлдвэр бол яах аргагүй “Монцемент” юм. Дорноговь аймгийн болон Оюутолгой зэрэг томоохон компанийн бүтээн байгуулалтын ажилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийлүүлэн ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсад дэд бүтцийн хүрээнд хийх маш олон ажлууд байгаа. Уул уурхайн салбарын бүтээн байгуулалт, Тавантолгой-Оюутолгой-Ханги мандалын чиглэлийн 500 гаруй автозам, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн 258 км автозам, Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөр, цэвэрлэх байгууламж зэрэг олон бүтээн байгуулалтын ажилд үндэсний үйлдвэрүүдээ бид дэмжиж байж урагшаа хөгжих болно” гэв.

Нийт ажилчдын 60 хувь нь 28 хүртлэх насны залуус

Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт шууд байнгын 500 ажлын байр шинээр бий болсон. Дорноговь аймгийн төв болон зэргэлдээх сум, Өргөн сумын залуучуудыг БНХАУ-ын дэлхийд нэр хүнд бүхий цементийн үйлдвэрүүдэд дадлагажуулан сургаж ажиллуулдаг бөгөөд шууд бусаар 1500 орчим ажлын байрыг үүсгэжээ. Компанийн удирдлагаас гэр бүлийн тогтвортой байдлыг хангах үүднээс иргэдийг гэр бүлээр нь ажлын байраар хангадаг аж. Компанийн хөрөнгө оруулалтаар шинээр барьсан 88 айлын орон сууцанд тогтвор суурьшилтай ажиллаж буй мэргэжилтэй боловсон хүчнийг үнэ төлбөргүй амьдруулдаг байна. Орон нутгийн засаг захиргаанынэгжтэй байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулийн өргөтгөл, төмөр замын өртөөний өргөтгөл зэргийг Өргөн суманд байгуулжээ. Ажилчдын дийлэнх хувийг 28 хүртлэх насны залуус эзэлдэг байна.

Тээвэрлэлт

“Монцемент Билдинг Материалс” ХХК нь өөрийн бүтээгдэхүүн тээвэрлэлтийг хурдан шуурхай явуулах зорилгоор Украйн улсын Крюковын вагон заводод Европ стандартын дагуу 2016 онд үйлдвэрлэгдсэн шинэ төрлийн 40 ширхэг хоппер вагонуудыг Монгол улсын төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний сүлжээнд нэмсэн байна.

Тулгамдаж буй асуудал

Түлш, түүхий эд, цахилгаан эрчим хүчний үнэ тарифын огцом өсөлтийн асуудал үйлдвэрлэгчидэд гол дарамт болж байна. 2013 онд техник, эдийн засгийн үндэслэлээ хийснээс хойш гол түүхий эдийн үнэ 30-50 хувь нэмэгдсэн. Үүнийг дагаад үйлдвэрлэлийн өртөг өсч байна. Зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүний үнэ тэр хэрээр өсч байна. Үүн дээр төр, хувийн хэвшлийн хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хамт даван туулах арга хэмжээ авах хэрэгтэй байгаа талаар “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Мөнхбат өгүүлсэн юм.