МЭДЭГДЭЛ

Нийтлэгдсэн: 4 сар, 4 долоо хоног өмнө

Монполимет Группын Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутгийн зааг, Туул голын адагт орших Тосон үйлдвэрийн олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоотой илт гүтгэн гуйвуулсан мэдээлэл цацагдсантай холбоотой Монполимет компанийн зүгээс МЭДЭГДЭЛ гаргаж байна.

1999 онд Тосонгийн гольдролын 321А тоот тусгай зөвшөөрлийг Канад улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай Заамар Гоулд Фийлдс ХХК эзэмшиж байсныг үндэсний үйлдвэрлэгч Монполимет ХХК шилжүүлэн авч гадаад улсын мэдэлд байсан баялгаа Монголчууд өөрсдөө авснаар одоо Тосон үйлдвэрээс гарах ашиг орлого Монгол хүн та бидний цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, цэцэрлэг сургууль, эмнэлэгийн төсвийг бүрдүүлэхэд зарцуулагдаж байгаа.

Бид уул уурхайн салбарт 30-аад жил мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаагаа явуулж байгаагийн зэрэгцээ орчин үеийн дэвшилтэт техник технологийг улсдаа нэвтрүүлэн томоохон бүтээн байгуулалтуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн Монгол Улсын хэмжээнд “Уурхайн хаалт ба нөхөн сэргээлт” онол практикийн бага хурал, үзүүлэх сургалтыг МХЕГ болон Германы хамтын ажиллагааны BGR төсөл, Монголын Байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо бусад байгаль орчны төлөөх ТББ-уудтай хамтран Дөрвөн удаа зохион байгуулсан. Бидний үйл ажиллагааг үзэж сонирхох, буруу ташаа ойлголттой явдаг хүмүүсийг дээрх үйл ажиллагаанд оролцох боломжтойг энд дуулгая.

Гэтэл 2019оны 06-р сарын 19нд Төрийн бус байгууллагын нэр зүүсэн шантаажчин хүмүүс драгийн үйлдвэр болон Тосон үйлдвэрийн технологийн онцлог, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг зориуд, захиалгатайгаар олон нийтэд илт гүтгэн гуйвалсан, эрээ цээргүй мэдээлэл цацаж үндэслэлгүй мэдээлэл удаа дараа түгээсэн явдалд харамсаж байна.

Тэд ганц энэ удаагийнхаар зогсохгүй 2015, 2018 онуудад энэ мэт гүтгэлгийн /шантааж/ ажлаа хийж хуулийн хүрээнд, мэргэжлийн түвшинд, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй бидний үйл ажиллагааг бусдад хар буруугаар ойлгуулах оролдлогуудаа хийж ирсэн бөгөөд удаа дараагийн энэ үйлдлийг нь бид улс төрийн захиалгатай эсхүл мөнгө авах гэсэн санаархал бүхий айлган сүрдүүлсэн, үндэсний үйлдвэрлэгч нарт шахалт, дарамт учруулсан хэмээн үзэж хуулийн байгууллагад хандах болно.

Бид өнөөдрийг хүртэл мэргэжлийн уул уурхайн компанийн хувьд уул уурхайн салбарын хууль дүрмийг дээдлэн ажилладгийн зэрэгцээ Усны тухай хуулийн 22-р зүйлд заасны дагуу онцгой хамгаалалтын бүс болон Туул голд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болохыг  албан ёсоор мэдэгдэж байна. 

500 гаруй мэргэжлийн инженер техникийн ажиллагсадтай манай хамт олны олон жилийн турш уйгагүй хөдөлмөрлөж улс орон, гэр бүл, та бүгдийн төлөө хийж бүтээсэн бүгдийг минь мушгин гуйвуулж, гүтгэн доромжилж, нэр хүндэд халддаг аливаа хууль бус, захиалгат үйл ажиллагааны эсрэг бид хатуу зогсож хуулийн дагуу тэмцэх болно.

Монполимет ХХК