МОНПОЛИМЕТ КОМПАНИ УУЛ УУРХАЙН САЛБАРТАА БИОЛОГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЖИШИГ СТАНДАРТ ТОГТООСОН

Нийтлэгдсэн: 7 сар, 3 долоо хоног өмнө

Монгол Улсад Геологи, Уул уурхайн салбар үүсч хөгжөөд 95 жилийнхээ ойтой энэ онд золгож байна. Тэртээх 1922 онд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдэлд авснаар энэ салбарын түүхийн хуудас эхэлдэг.

Уул уурхайн салбарынхан жил бүрийн 12-р сарын 25нд шилдгүүдээ тодоруулдаг уламжлалтай. Энэ оны шилдгүүд ч мөн өөрийн салбартаа болон улс эх орныхоо хөгжилд дорвитой хувь нэмрээ оруулсан, мэргэжлийн чиг хандлага, хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэх мэт олон үндсэн шаардлагуудыг хангасан 9 аж ахуйн нэгжүүд тодорлоо.


“Манай улсын уул уурхайн салбар эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжиж, экспортын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг тус салбар дангаараа бүрдүүлж байна” гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хүндэтгэлийн хурлын үеэр онцолж байлаа. Энэ оны уул уурхайн салбарын Тэргүүний хөрөнгө оруулагчаар Эм Эл Цахиурт Овоо ХХК, Шилдэг шинэ технологи нэвтрүүлэгчээр Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгчээр Монполимет ХХК, Тэргүүний нөхөн сэргээгчээр Уул уурхайн үндэсний олборлогч ХХК, Шилдэг төсөл боловсруулагчаар Ляпислазурь Эрдэнэ ХХК, Шилдэг туслан гүйцэтгэгчээр Мера ХХК, Шилдэг ханган нийлүүлэгчээр Ораметалл ХХК, Геологи судалгааны шилдэг байгууллагаар Геологийн судалгааны төв ТӨҮГ, Геологи хайгуулийн шилдэг компаниар МАК ХХК зэрэг шилдэг 9 аж ахуйн нэгж, байгууллагууд шалгарлаа.

Он удаан жилийн түүхтэй энэ салбарт тэргүүлэгч, манлайлагч болсон олон аж ахуйн нэгжүүд байдгийн нэг Үндэсний хөрөнгө оруулалттай, Монгол улсын тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгжээр 20-иод удаа шалгарсан, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч, Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг Монполимет ХХК-ийг энэ удаад онцолж байна.

Б.БАЯНМӨНХ: МАНАЙ КОМПАНИ УЛСДАА ТЭРГҮҮНИЙ НӨХӨН СЭРГЭЭГЧ БАЙГУУЛЛАГААР 17 УДАА, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ЭРХЭМЛЭГЧЭЭР 3 ДАХЬ УДААГАА ШАЛГАРААД БАЙНА.

- Танд болон танай хамт олонд энэ нэр хүндтэй шагнал авсанд баяр хүргэе.

Б.Баянмөнх: - Баярлалаа. Монполимет Групп нь уул уурхайн салбарт хариуцлагатай, мэргэжлийн үйл ажиллагаа явуулаад 25 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд бидэнд хийсэн бүтээсэн зүйл, шинээр нэвтрүүлсэн арга туршлага, техник технологи нэлээдгүй бий. Энэ бүхнийг байгууллагын удирдлагуудын зөв чиг баримжаа, хамт олны нэг чигт харсан зорилго тэмүүлэл гэж би ойлгож явдаг. Уул уурхайг манай улсад нэр төртэйгөөр, бусдыг манлайлж авч явна гэдэг тийм амар зүйл биш. Бидэнд саад бэрхээл, хэцүү цаг үеүд бишгүй байсан. Тухайлбал хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал, гэнэтийн ашгийн татвар, бичил уурхайчидын довтолгоон, худал хуурмаг гүжирдлэгэ гэх мэт. Гэвч бид бүхэн энэ бүгдийг даван туулж Монгол улсад уурхайн нөхөн сэргээлтийн жишиг стандартыг тогтоож, уурхайг хэрхэн яаж мэргэжлийн түвшинд хөгжүүлж болдгийг, уурхайчид хэрхэн яаж сэтгэл зүрхнээсээ нөхөн сэргээлтийг хийж болдгийг харуулж бусад ижил төстэй үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгжүүд болон мэргэжлийн байгууллагуудад жишээ болж ажиллаж байна. Энэ бүхэн манай хамт олны 25 жилийн нөр их хөдөлмөр зүтгэл, бас манай салбарт хийсэн том хөрөнгө оруулалт гэж би геологич, уурхайчин хүний хувьд ойлгож явдаг.

- Монполимет ХХК-ийг нөхөн сэргээлтээрээ салбартаа манлайлагч гэж та сая яриандаа дурьдлаа. Энэ талаар жаахан тодруулахгүй юу?

Б.Баянмөнх: - Монгол Улсын уул уурхайн салбарын нөхөн сэргээлтийн MNS 2008, 2007 гээд стандартууд байдаг. Ер нь техникийн нөхөн сэргээлтийг яаж хийх, биологийн нөхөн сэргээлт, ургамалжуулалтыг хэрхэн хийх, шимт хөрсийг хэрхэн хадгалж буцааж нөхөн сэргээлтэд хэрэглэх талаар тодорхой стандартууд байдаг. Энэ стандартууд 2000 аад оны эхэн үед л батлагдаж даган мөрдөж байгаа. Тэгвэл манай компанийн хувьд 1996 оноос уул уурхайн олборлолттойгоо зэрэгцүүлэн нөхөн сэргээлтээ хийж эхэлсэн байдаг. Бидний олборлолт, нөхөн сэргээлтийн арга туршлага, хийж хэрэгжүүлж байгаа ажил байдлаас МУ-ын нөхөн сэргээлтийн тодрхой стандартуудыг боловсруулахад ашиглаж байсанд бид их олзуурхдаг. Монголын уул уурхайн салбарынхан маань 2003, 2004 оноос л нөхөн сэргээлтийг эрчимтэй хийж эхэлсэн шүү дээ. Бид геологи уул уурхайн ашиглалтын мэргэжлийн компанийн хувьд ашиглалт олборлолт явуулсан газрыг норм стандартад түшиглэн анхных нь рельефийн хэлбэрт оруулахаас гадна биологийн нөхөн сэргээлтийг мэргэжлийн түвшинд хийж байгаль орчноо олон төрөл зүйлийн хөрс шим тэжээлээр баяжуулах, ургамал (Шар царгас, Согоовор, Ерхөг, Хиаг, Ботууль г.м) тариалж өмнөхөөсөө илүү эдийн засгийн эргэлтэнд орох бэлчээр болон байгаль орчинг бий болгохыг зорьдог.


Одоогийн байдлаар бид Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын зааг нутагт орших Туул голын адагт Тосонгийн гольдролын ордод 864га талбайд ашиглалт явуулсныхаа 778га-д техникийн нөхөн сэргээлт, 608га-д биологийн нөхөн сэргээлтийг хийгээд байгаа нь харьцангуй шинэ амжилт тогтоосон үзүүлэлт юм. Байгалийн хэв шинжиндээ орсон эрүүл болсон талбайгаа эхнээс нь орон нутагт нь хүлээлгэн өгч байна. Одоогийн байдлаар бид уурхайн нөхөн сэргээлтээр нийтдээ 5,5 км урт суналттай тогтсон таван хэсэг 70000 шахам 5-6 төрлийн модтой ойн төгөл, 23 овгийн 59 зүйл ургамал бүхий бэлчээрийн олон наст ургамал тариалсан талбайг орон нутаг нь хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

-Танай хамт олон нөхөн сэргээлтийн арга барилаараа улсдаа тэргүүлдэг. Тиймдээ ч нэг хорооллын дайтай хиймэл нуур байгуулсан гэсэн?

Б.Баянмөнх: Бид гадаадын олон арван уул уурхайн компаниудын нөхөн сэргээлтийн арга туршлагатай танилцаж байсан. Тэднээс нуур байгуулах арга техник, туршлагыг судалсны үндсэн дээр 2001 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 16 га талбай бүхий сэлгэмэл устай, загас жараахай болон бусад байгалийн нуур орчмын биологийн бүхий л амьтан ургамал ургасан, хүний гараар бүтсэн хэрнээ яг байгалийн гэмээр нуур байгуулсан юм. Түүгээр ч зогсохгүй нуурын эрэг орчмыг моджуулж, урьд нь тэнд байгаагүй байгалийн өнгө нэмсэн амьд нуурыг бүтээж орон нутагт хүлээлгэж өгсөн. Тэр нуурыг маань 2011 онд Улсын Гадаргын усны тооллогоор Тосон нуур хэмээн бүртгэж авсан нь уул уурхайн нөхөн сэргээлтийн түүхэнд анх удаа хүний гараар бүтсэн нуурыг байгалийн буюу Монгол Улсын өмч болгон бүртгэн авсан нь түүнийг жинхэнэ байгалийн нуур болгосон явдал болсон.


Одоо тэр нууранд маань цурхай, зэвэг, алгана, цулбуурт, хэлтэг зэрэг 6 төрлийн загас, гангар хун, дэглий, хар галуу, алаг нугас зэрэг усны шувууд чуулсан бахархмаар сайхан газар болсон доо. Жил болгон хос хун ирж зусдаг болсон. Сүүлийн жилүүдэд усны ондатра буюу заарт харх, минж зэрэг амьтад бүртгэгдсэн нь нуурын био масс нэмэгдэж унаган байгалийн нуур болж байгийн илрэл гэж манай биологичид үзэж байна.

-Энэ хийсэн бүтээсэн бүхнээ бусдад зааж сургах, үзүүлэн таниулах үйл ажиллагааг хэр хийж байна вэ?

Б.Баянмөнх: Бид ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн болон мэргэжлийн бус байгууллагууд, гар аргаар алт

олборлогчидыг хамруулсан нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтуудыг Тосон уурхайн нөхөн сэргээлтийн үйлдвэр сургалтын бааздаа удаа дараа зохион байгуулж байсан. Тухайлбал МХЕГ, АМГ, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн BGR төсөл, Төв аймаг болон Заамар сумын ЗДТГ-тай хамтран 2007 онд “Уул уурхайн салбар дахь байгаль орчны нөхөн сэргээлт” Улсын үзүүлэх сургалт, 2011 онд “Орон нутаг дахь уул уурхайн нөхөн сэргээлтийн анхдугаар үзүүлэх сургалт”-ыг Төв аймгийн Заамар сумын ЗДТГ болон Мон Дулаан Трэйд ХХК, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулсан бол 2014 онд “УУЛ УУРХАЙН ХААЛТ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ” онол практикийн бага хурал, үзүүлэх сургалтыг МХЕГ, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн BGR төсөлтэй хамтран 2 дахь удаагаа өөрийн компанийн Үйлдвэр сургалтын бааздаа амжилттай зохион байгуулсан.


Бидний дараагийн шатны зорилт гэвэл жишиг болсон талбайг ингэж хийдэг юм байна гэж харуулахаас гадна уурхайн нөхөн сэргээлтийн жишиг болсон загвар үйлдвэр сургалтын баазыг бусад аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлэх, цаашид нөхөн сэргээлтийг хэрхэн яаж, ямар нарийн суурь судалгаатай явагддаг вэ гэдэг дээр тодорхой төлөвлөлттэй ажиллаж байна. Манай “Тосон” уурхайн нөхөн сэргээлтийн баг ургамал судлаачаас эхлээд мэргэжлийн чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдсэн байдаг. Ургамал судлаач, аграномич, ойзүйч, экологич гэх мэт мэргэжилтнүүдээс бүрдсэн маш их үүрэг, хариуцлага хүлээсэн нэгж юм. Энэ утгаараа нөхөн сэргээлтийн баг маань Шинжлэх ухааны академийн харьяа Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Газар зүйн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, ХААИС зэрэг чиглэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж 2017 он буюу энэ жил Монгол орны зүүн бүсэд ургадаг ховор, нэн ховор ангилалд багтдаг ургамлуудыг МУ-ын гавъяат агрономич, ШУ-ны Доктор Профессор Х.Жамъяндорж гуайгаас өвлөн авч өөрийн нөхөн сэргээлтэндээ тарьж ургуулан туршиж үзлээ. Ургалтын хувь сайн байгаа. Мөн ХААИС-ын Инноваци Бизнес Хөгжлийн Төвтэй хамтран био нүүрсэн бортогыг үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа нь уул уурхайн нөхөн сэргээлтийн ажилд шинэлэг ажил болоод байна. Бионүүрс бүхий бортогон блок хийж түүнд мод тарьж ойжуулах ажил нь нэлээд үр дүнд хүрээд байна.

-Нөхөн сэргээлтийг ийм сайн жишиг болгож хийдэг компани өнөөдөрийн үйл ажиллагаанаас нөхөн сэргээлтээр бус Хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэгч гэдэг шагнал авсанд би жаахан гайхаад л зогсож байна.

Б.Баянмөнх: Тийм ээ бид 2017 онд Геологи, Уул уурхайн салбарын шилдгийн шилдгүүдэд олгогддог шагналын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагааг Эрхэмлэгч гэдэг энэ нэр хүндтэй шагналыг 3 дахь удаагаа хүртээд байна. Энэ шагнал бол манай салбарын үйл ажиллагааны нэгдүгээрт бичигддэг хамгийн хариуцлагатай байх шалгуур юм. Манай компани улсдаа тэргүүний нөхөн сэргээгч байгууллагаар 17 удаа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгчээр 3 дахь удаагаа шалгараад байгаа нийтдээ 20-иод жил уул уурхайн салбартаа тэргүүлэгчээр шалгараад байна. Энэ амжилтанд хүрэхэд биднийг удирдан чиглүүлж, манлайлж ирсэн удирдлагууддаа болон хамт олноороо энэ өдөр маш их бахархаж байна. Тиймдээ ч Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн мэндийг нийт уурхайчиддаа болон Монполимет компанийн үе үеийн нийт уурхайчиддаа, хамт олондоо дэвшүүлье.

-Ярилцсан танд баярлалаа.