Олны сэтгэл, зүтгэл, хөлс хүч шингэсэн Тосонгийн үйлдвэрийн нөхөн сэргээлт

Нийтлэгдсэн: 4 долоо хоног, 1 өдөр өмнө


Монполимент групп 26 жилийн турш уул уурхайн үйл ажиллагаа явуулж, үүнийхээ зэрэгцээ нөхөн сэргээлтийн ажлыг хийсээр байгаа юм. Эднийх төрийн болон төрийн бус байгууллага, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд болон эрдэмтэн судлаач, оюутан залуусыг хамруулан нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалт зохион байгуулдаг. Энэ жил ч мөн адил “Мэргэжлийн уул уурхай ба байгаль орчин” сургалтыг Төв аймгийн Заамар суманд орших Тосон уурхайн нөхөн сэргээлтийн баазад дөрөв дахь удаагаа зохион байгууллаа.
Нөхөн сэргээлтийн явцад байгуулсан анхны хиймэл нуур

Тосон нуур

Тосон үйлдвэр нь Монгол улсад анх удаа нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд 16 га талбайд сэлгэмэл устай, олон төрлийн загас, шувуудтай, цэнгэг уст Тосон нуурыг байгуулж, 2011 онд улсын бүртгэлд бүртгүүлэн, Булган аймгийн Бүрэгхангай суманд хүлээлгэн өгчээ. Үүний дараа 2014 онд аялал жуулчлалын зориулалтаар Тосон нуурын эргийн 700 м урт талбайг чулуугаар тохижуулсан аж. Мөн нуурын эргийг зүлэгжүүлж, амрах, загасчлах зориулалтаар Эко шийдэл бүхий модон саравч, сандал, ширээ засч, явган хүний чулуун зам хийсэн байна.

Тосон үйлдвэр 235 га талбайд 80 мянга гаруй мод тарьжээ

Тосон үйлдвэрийн тарьсан мод

Тус үйлдвэр ойжуулах ажлын хүрээндээ биологийн нөхөн сэргээлт хийгдсэн 235 га талбайд 80 мянга гаруй мод тариалсан бөгөөд 14 хүртэлх настай, 5.5 км урт дөрвөн хэсэг ойн төглүүд бий болгоод байгаа аж. Тухайлбал, улиас, бургас, хайлаас, үхрийн нүд, чацаргана, шар хуайс, голт бор гэх мэт модод голчлон тарьсан байна. Төгөлд тарьсан моднууд нь одоо бие даан ургаж, ойн хэв шинжийг бүрдүүлээд байгаа аж. Ийнхүү ойжуулалт хийснээр хөрс тогтворжин, үржил шимийн биомассыг нэмэгдүүлж, ургамлын төрөл зүйлүүд олширч, бусад ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг юм байна.

Мөн олон ХААИС-ийн Инноваци хөгжлийн төвтэй хамтран био нүүрсэн бортогыг үйлдвэрлэн түүнд мод тарьж, ойжуулах ажлыг уул уурхайн салбарт анх удаагаа хэрэгжүүлж эхэлсэн байна. Био нүүрсэн бортого нь таримлын үндсийг голлосон хэлбэрээр эгц доош нь чиглүүлж, үндэс нь газрын гүнд үндэслэх нөхцлийг бүрдүүлэн хөрсний зөв бүтэц найрлагыг бий болгож, амьдрах чадварыг сайжруулах аж.

Үүнээс гадна БНСУ-ын “Nyamkyang” компанитай хамтран дуслын усалгааны системийг Монголын уул уурхайн салбарт анх удаа нэвтрүүлжээ. Уг системийг хэрэглэснээр модны ургалт эрс нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар 45 га талбайг усалгааны системээ холбоод байгаа аж.

Тосон үйлдвэр нь 931.67 га талбайд уулын ашиглалт явуулснаас 60 хувьд биологийн нөхөн сэргээлт хийжээ

Тосон үйлдвэр нь 931.67 га талбайд уулын ашиглалт явуулснаас техникийн нөхөн сэргээлт 743 га талбайд буюу ашигласан талбайн 80 хувьд нөхөн сэргээлт хийжээ. Энэ нь олборлолт хийсэн талбайд хөрс буулгах, хөрс тэгшлэх ажил юм. Харин Биологийн нөхөн сэргээлт буюу ургамалжуулалтын ажлыг 514 га талбайд буюу ашигласан талбайн 60 гаруй хувьд нь нөхөн сэргээлт хийгээд байгаа юм байна. Тус үйлдвэр нь нөхөн сэргээлтийн ажилд нийтдээ 14 тэрбум төгрөг зарцуулжээ. Ойролцоогоор 16 сая төгрөгөөр нэг га талбайг нөхөн сэргээдэг байна.

Нөхөн сэргээсэн талбай малын бэлчээр болжээ

Үзүүлэх сургалтын эхэнд Монполимент группийн Байгаль орчны албаны дарга Т.Октябрь Тосон үйлдвэрийн дэргэд 2007 онд байгуулсан мод үржүүлгийн талбайг танилцуулсан юм. Тус мод үржүүлгийн талбайд зургаан төрлийн мод, бутлаг ургамал тарьж, үржүүлж байгаа аж. Тухайлбал, шар хуайс, хайлаас, улиас, чацаргана, монос зэрэг мод зэрэг бутлаг ургамалыг ихэвчлэн тарьжээ. Харин тарьсан модоо хоёр жилийн хугацаанд хүлэмждээ үржүүлж, гурав дахь жилээс нөхөн сэргээлтийн талбай уруугаа гаргадаг байна. Мөн үүний хажууд ховор ургамал үржүүлгийн талбай байгуулсан байв. Уг талбайд Монгол Улсын улаан номонд нэн ховор ургамлаар тооцогдсон Алтайн зэрлэг гэдэг ургамлын үржүүлж байгаа юм байна.

Үүний дараа олон наст ургамал тариалдаг талбайтай танилцсан. Тус талбайд одоогийн байдлаар 200 га талбайд 120 гаруй төрлийн бэлчээрийн олон наст тариад байгаа юм байна. Энэхүү талбайд очиход тарьсан ургамал нь унаган төрхөмдөө аль хэдийн орчихсон учраас ялгагдахгүй байлаа. Уул уурхайн олборолт явагдаж, шинээр нөхөн сэргээлт хийсэн талбай гэхээргүй. Тарьсан ургамлуудын эгнээ байршлыг хараад сайн ажиглаж байж нөхөн сэргээлтийн ажлыг харж болохоор байлаа. Нөхөн сэргээлт хийсэн талбайн ургамлууд жил ирэх тусам шигүү ургаж, эхнээсээ малын бэлчээр болжээ.

Мөн 2011-2012 онд мод тарьж, ойжуулсан талбайгаар орлоо. Тухайн газар 2010 онд олборлолт хийж, түүний дараа биологийн нөхөн сэргээлт хийхийн зэрэгцээ ойжуулсан байна. Ойжуулсан талбайд одоогийн байдлаар долоон настай моднууд ургаж байгаа бөгөөд 4-5 м урттай ургажээ. Нийтдээ 12-15 төрлийн мод бут тарьсан байна.

Харин ойр хавийн малчид нөхөн сэргээлтийн талбайд малаа оруулах, тарьсан мод, ургамлыг хорхой шавьж идэх зэрэг олон саад бэрхшээл тулгардаг болохыг Монполимент группийн Байгаль орчны албаны дарга Т.Октъяабр хэлж байсан юм. Өмнө жил л гэхэд ойжуулсан талбай нь хорхойд идэгдсэний улмаас нэлээдгүй модыг устгалд оруулжээ.

Энэ үеэр Тосон үйлдвэрийн нөхөн сэргээлтийн ажилтай танилцсан БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Өнгөрсөн онд баталсан Засгийн газрын 151-р тогтоол нь гар аргаар алт олборлож байгаа уурхайчдын ажлыг дэмжсэн шийдвэр болсон. Үүнийг цэгцлэх шаардлагатай. Нөхөн сэргээсэн талбайг гар аргаар алт олборлогчид дахин ухдаг. Ингэж ухуулахгүй байх хэрэгтэй. Улсын хэмжээнд 100 тэрбум төгрөгөөр нөхөн сэргээлт хийх шаардлагатай үүссэн. Тийм учраас олборлосон газраа цэгцэлж, нөхөн сэргээдэг журмыг хэрэгжүүлэх, мөрдүүлэх нь чухал болж байгаа юм. Тосон үйлдвэрийн нөхөн сэргээлт хийж байгаа талбайг харахад сэтгэл хангалуун байна. Үүнээс уул уурхайн компаниуд үлгэр жишээ аваасай гэж бодож байна” гэв.

Хамгийн сүүлд нь алт боловсруулах драгийн цогц үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэрт одоогийн байдлаар 50 гаруй хүн ажилладаг байна. Монполимент группийн тосон үйлдвэрийн уулын нэгдүгээр драгын дарга Н.Мөнхсоёл үйлдвэрээ танилцуулахдаа “Драг нь алт олборлох хамгийн шилдэг технологид тооцогддог. Заамар сумын гольдролын ордыг драгаар л олборлох боломжтой. Драг нь байгальд ямар нэг хор хөнөөлгүй, эко дэвшилтэд технологи юм. Уг үйлдвэр нь хууль журмын дагуу ажиллахаас гадна голоос зохих зайд байдаг. Хөвөх зарчмаар өөрийн үүсгэсэн усанд дээр үйл ажиллагаагаа явуулдаг учраас гол бохирдуулахгүй” гэсэн юм.

Харин Драгын үйлдвэрийн ажилтай танилцсан Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар хэлэхдээ “Тосон үйлдвэрийн Драгийг анх ашиглалтад ороход ирж байсан. Монполимент компани хуулиар хүлээсэн үүргээ маш сайн биелүүлж ажиллаж байгааг харж байна. Сүүлийн үед хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ гэж яриад байгаа. Гэвч хууль бус алт олборлогчид уул уурхайн салбарын нэр хүндийг унагаж, хариуцлагагүй үйлдэл гаргаж байна. Энэ тал дээр арга хэмжээ авах шаардлага бий. Харин олборлолт хийсэн газраа нөхөн сэргээж, ашигтай талбай болгон үлдээж байгаа нь үр ашигтай ажил болжээ” гэж ярьсан юм.

Сургалтын төгсгөлд Тосон үйлдвэрээс холгүйхэн аж төрдөг малчин иргэдийн нөхцөл байдал, санаа бодлыг сонсохоор Төв аймгийн Заамар сумын нэгдүгээр багын иргэн С.Эрдэнэцогттой уулзсан юм. Тэрээр “Манай энд хууль бусаар ажиллаж байгаа олон жижиг уурхай байгаа. Тэд нөхөн сэргээлтийг маш муу хийдэг. Том уурхайнууд нь нийгмийн хариуцлагын хүрээнд нөхөн сэргэлтийг харьцангуй сайн хийдэг. Том уурхайн үйл ажиллагаанаас болж, мал нүхэнд унаж үхэх тохиолдол харьцангуй бага. Харин жижиг уурхайнууд нөхөн сэргээлт хийдэггүй учраас мал унаж гэмтэх тохиолдол их болсон. Жижиг уурхайнууд шалгалт ирэхээр алга болчихдог. Шөнө, оройгоор олборлолт хийнэ. Тэрийгээ битүүлэхгүй хаядаг. Үүнийг л малчид эсэргүүцэж байгаа юм. Тосонгийн гол орчим өдөр, шөнө шиг ялгаатай болсон. Учир нь томоохон уурхайн нөхөн сэргээсэн талбайг дахин ухаж, сэндийлсэн байгаа. Мөн сүүлийн үед нөхөн сэргээлт хийсэн талбайг хайгч гэх хүмүүс ирээд дахин ухах болсон” хэмээн хууль бус алт олборлогчийг халаглан ярьж байлаа.

Уул уурхайн үйл ажиллагаа явуулсан газарт хүн, амьтан амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэдэг нэг өдөр хийчих ажил биш билээ. Гарцаагүй олон хүний сэтгэл зүтгэл, хөлс хүчээ урсган байж бий болох хөдөлмөр. Тиймээс ч Тосон үйлдвэрийн хамт олон хүүхэд бөөцийлж буй мэт нөхөн сэргээлт хийсэн газраа хайрлан хамгаалж, өдөр бүр уйгагүй хөдөлмөрлөдөг гэдгээ хэлж байсан юм. Үнэхээр ч тэдний маш урт хугацаанд өдөр бүр сэтгэлээ шингээн хөдөлмөрлөсний хүчинд нь нөхөн сэргээлт хийсэн талбай нь ялгахын аргаггүй мод, бут, цэцэг, жимсээр хучигдсан талбай болж, хүн, амьтан цуглажээ.

itoim.mn С.Энх-Үжин