Нийгмийн хариуцлага



Монполимет групп нь орон нутгийн удирдлагатай ойр дотно хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр тодорхой бодит ажлуудыг хэрэгжүүлж ирлээ.

Үйл ажиллагаа:

> <
  • Хөдөөд ассан хөгжлийн зүтгүүр
  • 2018 он
  • 2017 он
  • 2016 он
  • 2015 он
  • 2014 он
  • 2013 он
  • 2012 он
  • 2011 он
  • 2010 он
  • 2009 он
  • 2008 он
  • 2007 он
  • 2005-2006 он
  • 1999-2004 он

Хөдөөгийн суманд хөгжлийн хүрд зогсолтгүй эргэлдэж байгааг бид онцоллоо. Тэнд үйлдвэржилт өрнөж, үе тэнгийн залуус ур ухаанаа уралдуулж нэгэн хүсэл, зорилгын дор гар сэтгэл нийлэн ажиллаж байна. Бид Улаанбаатараас 520 гаруй км замыг туулж Дорноговь аймгийн Өргөн сумыг зорьсон юм.

Нэн тэргүүнд улс орныг хөгжилд хөтлөх ажлыг хамгийн бага нэгж сумаас, тэр “хол”-оос нарийн чимхлүүр, тооцоо судалгаатайгаар эхлүүлж буй дотоодын үйлдвэрийг гараар “барьж”, нүдээр үзэх гэснийх. Мөн улсын төсвийн дэмжлэг бондын мөнгө буюу сүүлийн үед “халуун” сэдэв болоод байгаа Хөгжлийн банкнаас авсан зээлийг хэрхэн үр өгөөжтэй зарцуулсны мөрөөр сурвалжлага бэлтгэхээр томилолт өвөртөлсөн нь энэ.

Нээлтээ хийгээд жил гаруйхан болж байгаа цементийн үйлдвэр гэж төсөөлж очсон нь өрөөсгөл болохыг Өргөн сумын зах руу ороод ойлгов. Монцемент үйлдвэр бүтээн байгуулалт гэдгийг бүрэн утгаар нь харуулж чаджээ. Мөн төслийг цементийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, нэр хүнд бүхий хөрөнгө оруулагч, зөвлөх компаниудтай хамтран хэрэгжүүлж, Монгол Улсын анхны олон улсын хамтарсан үйлдвэр гэдэг нь ч анхаарал татаж байлаа.

Монполимет компани болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 2006 онд бүтээн байгуулалт нь эхэлсэн Монцемент үйлдвэр импортыг орлох барилгын материалыг үйлдвэрлэх, шинэ ноу-хау дэвшилтэт технологийг нэвтрүүлж, бүрэн автомат, байгальд ээлтэй хуурай аргын технологийг ашиглаж байгаа юм.

Түүнчлэн алслагдсан бүс нутгийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, гол бодлогоо чиглүүлж байгааг үйлдвэрийн шат дамжлага, тус үйлдвэрийг удирдан чиглүүлж байгаа мэргэжилтнүүдийн ярианаас харж болно. Өргөн суманд үүдээ нээж, өрхөө татаад байгаа Монцемент үйлдвэр дэд бүтцийг хөгжүүлснээр шинэ суурьшлын бүсийн суурийг тавьж хэзээ мөдгүй Өргөн сум Өргөн хот болох алсын зорилготойгоор ажиллаж байгаа гэж группын Геологи уул уурхайн албаны дарга Б.Баянмөнх хэлэв.

Нээрэн л хүний гар оролцохгүй бүрэн автомат ажиллагаатай нүсэр техник, шинэ технологи хөгжлийг хурдасгаж чадаж байна. Мөн говь нутагт тохирсон ус зарцуулахгүй хуурай аргаар цемент үйлдвэрлэж байгаагаас эхлээд байгальд ээлтэй бүхнийг практикт хэрэгжүүлжээ. Ус холихгүйгээр түүхий эдээ хольдог хуурай аргын үйлдвэр нь дэлхий нийтэд сүүлийн 20 жилд хөгжиж байгаа бол манайд энэ технологийг нэвтрүүлсэн хоёрхон үйлдвэр байдаг аж. Өөрөөр хэлбэл, гол түүхий эд шохойн чулуу, шавар, төмрийн хүдрийг хольж 1500 градуст шатааж цементийн үндсэн түүхий эд чулуун царыг үйлдвэрлэдэг.

Чулуунцар дээрээ байгалийн гөлтгөнө нэмж тээрэмдээд цемент хийх технологи юм. Ингэснээр импортыг орлох олон улсын стандартад тохирсон цемент бэлэн болдог байна. Хуурай аргын технологитой Монцемент үйлдвэрийн бас нэг давуу тал нь үйлдвэрээс ялгарах хаягдал халуун хийг ашиглан таван мегаватт эрчим хүч үйлдвэрлэх Монгол Улсын анхны WHR системтэй эко үйлдвэр юм.

Энэ талаар дулааны инженер н.Батсайхан “Анх удаа үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа WHR систем буюу цементийн үйлдвэрийн хаягдлыг ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг станц нь дэлхийн томоохон орнуудад ашиглаж байгаа технологи. Цементийн үйлдвэрийн хаягдал халуун хийг дахин ашиглаж байгаа нь байгальд хоргүй.

Үйлдвэрийн хэрэгцээний дулааны 40 орчим хувийг өөрсдөө үйлдвэрлэснээр төвийн эрчим хүчний хүндрэл багасна. Тоосжилт, азот, хүлэмжийн хийн ялгаруулалт маш бага. Монгол Улс болон Европын стандарт шаардлагыг хангасан. Эрчим хүч түлш зарцуулалт манай улсад одоогийн ашиглагдаж буй нойтон аргын үйлдвэрээс хоёр дахин бага. Ахуйн болон үйлдвэрийн усны хэрэглээ бага, ашигласан усны 90 хувийг цэвэршүүлэн дахин ашиглана” гэсэн юм.

Монцемент үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тэмээний зурагтай портланд цемент гэдгээр нь бид сайн мэднэ. Тэгвэл эднийх Дани улсын Flsmidth компанийн бүрэн автомат, цементийг 50 кг-аар савлах тоног төхөөрөмжийг суурилуулж, хамгийн сүүлийн үеийн электрон жинлүүрийн систэй учир жингийн зөрүү гардаггүй аж. Савлагааны төхөөрөмж цагт 80 тонн, 1600 ширхэг 50 кг-ийн цемент савлах хүчин чадалтай. Хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй портланд цемент барилгын өргөн хэрэглээний зориулалттай бетон, төмөр бетон, гүүр далангийн барилга, зам барилга гэх мэт барилгын бүх төрлийн хэрэглээг хангана. PC-52.5 нь өндөр бат бэх бүхий төмөр замын бетон, дэр, өндөр хүчдэлийн шон зам гүүрт хэрэглэгддэг юм байна.

Ийнхүү сумыг хот болгох хөгжлийн зүтгүүрийг хөдөөд Монцемент үйлдвэрийн хамт олон асаажээ. Үйлдвэрийн 1000 гаруй ажилтны 40 хувь нь орон нутгийнхан. Мэргэжилгүй ч гэсэн хичээл, зүтгэлтэй нэгнийг гадаад, дотоодод сургаж бэлтгээд ажиллуулдаг гэнэ. Тэгээд зогсохгүй үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж зургаан га талбайд 1000 хүний амьдрах орон сууц, цэцэрлэг, үйлчилгээний төв, спорт заал бүхий цогцолбор барилгын ажлыг 2014 онд эхлүүлж өнгөрсөн жил эхний хэсэг нь ашиглалтад ороод байгаа юм.

Энэ бүхэнтэй танилцаж эерэг төсөөлөл, өөдрөг бодолтой явсан надад нэг зүйл ажиглагдсан юм. Хятадаас чанартай, чанаргүй цемент зөөдөг манай улсын импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж , цаашид дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадахаар өргөжиж буй үйлдвэрийг төр засгаас хангалтгүй дэмжиж ирснийг хэн бүхэн мэднэ. Ганцхан жишээ хэлэхэд томоохон тоног төхөөрөмж оруулж эхлэхэд гаалийн татвараас эхлээд төр бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй юм. Ганц цементний үйлдвэр гэлтгүй гааль дээр гацдаг бизнес эрхлэгчид олон. Хөгжингүй орнууд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, наад зах нь гаалийн татвараас тоног төхөөрөмжийг нь чөлөөлдгийг Монцемент үйлдвэрт ажиллаж байгаа Египет мэргэжилтэн хэлж байлаа.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт болон бондоос авсан зээлээр дээр дурдсан нөр их бүтээн байгуулалтыг үйлдвэрийн хамт олон хийжээ. Хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар Геологи уул уурхайн албаны дарга Б.Баянмөнхөөс тодруулахад “Манай үйлдвэр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийн бүтээн байгуулалт 260 сая ам.долларын хөрөнгөөр боссон. Хөгжлийн банкнаас 65 сая ам.доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 25 хувийг авсан.

Монцемент төслийн дэд бүтэц болон үйлдвэрийн барилга байгууламжид зарцуулсан. Монцемент Билдинг Материалс компани Хөгжлийн Банкнаас авсан зээлээ цаг хугацаанд нь ямар нэг хоцрогдолгүй төлсөөр ирснийг хариуцлагатайгаар хэлье. Сүүлийн үед цацагдаад байгаа мэдээллээс харахад Монцемент цогцолбор үйлдвэрийн нөр их бүтээн байгуулалт, хамт олны маань олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрийг энэ мэт хариуцлагагүй мэдэгдлээр харлуулж, үгүйсгэж, улс төржүүлж байгаад мянга мянган хүний аж амьдралыг нуруун дээрээ авч яваа манай компанийн хамт олны хувьд харамсаж байна” гэлээ.

Эх сурвалж: https://gogo.mn/r/199831?fbcli...

Энэ зуны саруудад дийлэнх нутгаар нүүрлээд буй үер усны аюулд өртсөн хөдөө орон нутагуудад Монцемент Билдинг Материалс ХХК үерийн аюулд өртсөн болон өртөж болзошгүй орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан далан барих, үерийн хохирлыг арилгах, багасгах бүтээн байгуулалтад нэн хөнгөлөлттэй нөхцлөөр цемент нийлүүлж байна.

Үерт өртсөн орон нутаг, нутгийн иргэд үерийн хохирол арилгах бүтээн байгуулалтад тусгайлан зориулж иргэд аж ахуйн нэгжүүдэд хүрэх цементийн үнэ нь тухайн орон нутагт зарагдах үнээс хямд байлгах ажлыг Монцемент компани болон орон нутгийн захиргаа хамтран хяналт тавин ажиллаж байна. Эхний нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй цементийн цуваа Баян Өлгий аймаг руу 2018 оны 8-р сарын 3-д гаржээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07-р сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг бороо, уулын үерт 530 гаруй өрхийн 2500 гаруй иргэн болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэг зэрэг газрууд өртөж гамшгийн хэмжээнд хүрээд байгаа юм. Энэ удаагийн үерийн хохирлын хэмжээг 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр буусан үерийн хохирлоос урьдчилсан байдлаар тав дахин их гарахаар байгаа тухай албаныхан мэдээлсэн. Одоогоор Өлгий суманд гамшгийн хор хохирлыг арилгах, нөхөн сэргээх, бүтээн байгуулах ажил ид явагдаж байна.

Монцемент Билдинг Материалс ХХК нь Баян-Өлгий аймгаас гадна бусад үер усны гамшигт нэрвэгдээд байгаа Өмнөговь, Дорноговь аймгуудад хохирол их амссан өрхүүдэд тусламж хандив үзүүлж, үерийн усны хохирлоос сэргийлэх, хохирол багатай даван туулах аянг зохион байгуулж байна.

Монполимет Групп үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан Дорноговь аймгийн Өргөн сум, Төв аймгийн Заамар сумын нутаг Хүүхдийн овоонд нутгийн нийт сүсэгтэн олондоо зориулан Луван Жалбуу Бурхан залж шүншиглэн аравнайлж бурханы цэцэрлэгт хүрээлэн байгуулав.

Орон нутагтай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай суманд 50 тн, Төв аймгийн Заамар сумын захиргаанд 20 тн, Төв аймагт 10 тн, Дорноговь аймгийн Өргөн сумын захиргаанд 50 тн цемент хандивлав.

Дорноговь аймгийн Өргөн суманд Монцемент үйлдвэрийн ажилчдын 44х2 нийт 88-н айлын орон сууцыг барьж Улсын комисст хүлээлгэн өгөв.

Өргөн сумын захиргаа, байгууллагууд, компаниудын удирдлагуудад Монполимет ХХК-ны хэрэгжүүлж буй Монцемент төслийн тухай, төслийн монгол улс орны эдийн засагт үзүүлэх үр өгөөж болон орон нутгийн хөгжилд түүний дотор Өргөн сумын оршин суугчдад ямар боломжыг олгож байгаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Сумын захиргаа, байгууллага, компаниудын төлөөлөгчдийг Монцемент төслийн үйлдвэрийн талбайд урьж, барилгын ажлын явцтай танилцуулах аялал зохион байгуулж, цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалттай биечлэн танилцуулсан нь маш их үр дүнтэй ажлын нэг боллоо.

Өргөн сумын ахмадын Зөвлөлтэй уулзаж, сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ганц бие ахмадуудад тусламжийн зүйл гардууллаа.

Хүний нөөцийн академийн сургагч багш Л.Лхагвасүрэн “Өргөн боломж-Өөдрөг ирээдүй” сэдвээр Өргөн сумын иргэдэд Монцемент төслийн хэрэгжилтээр орон нутагт ямар их боломж гарч ирэх, түүнийг хэрхэн зөв, ухамсартайгаар ашиглах болон амжилтанд хүрэхэд хувь хүний хичээл зүтгэл чухал талаар лекц уншлаа.

Өргөн сумын багуудын дунд тэмээн поло тэмцээн, үдшийн цэнгүүний арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж малчидтайгаа нэг өдрийг сайхан өнгөрүүллээ.

Булган аймгийн Бүрэгхангай сумын төвд 240м урт, 9м өргөн автозам, гүүрийг өөрийн хөрөнгөөр барьж хүлээлгэн өгсөн.

Монцемент төслийн талбайд иж бүрэн тоноглогдсон 150 хүний амьдрах түр тосгоныг барьж байгуулав.

Орон нутгийн усан хангамжийг сайжруулах зорилгоор Өргөн сум орчимд геофизикийн соронзон хайгуулын болон цөмийн соронзон резонансын аргаар уст цэгийн хайгуулын ажлыг гүйцэтгэж 5 худаг ашиглалтад өгөв.

Өргөн сумын хүсэлтээр цаг агаарын онц хүндрэл болон хээрийн түймэр зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйл тулгарсан үед хүн хүч, машин техник, шатахууны туслалцаа үзүүлсэн.

Өргөн сумын захиргаа удирдлагын хүсэлтээр төмөр замын зорчигчдын тавцангийн газар шороо,тэгшилгээний ажлыг хийж гүйцэтгэн сумын захиргаанд хүлээлгэн өгсөн.

ЗГХА Ойн газар, “Их Уст Уул” ТББ-тай хамтран Туулын эх орчмыг моджуулах төслийг хэрэгжүүлж Галтай Булнайн аманд 2400 га талбайг ойжууллаа.

Юнеско-н Монголын Үндэсний комиссоос санаачлан бүтээсэн “Монгол бахархал киноны уран бүтээлийн ажилд хамтран ажиллав.

Ногоон суваг ТВ-ээс зохион байгуулсан “Хатан туул ба цаг хугацаа” усны өдрийн арга хэмжээг дэмжин ивээн тэтгэж, хамт олноороо идэвхитэй оролцов.

МУИС-ийн дэргэдэх оюутны “Экологи Эрдэм” клубээс жил бүр зохион байгуулладаг “Биологийн олимпиад”-ыг бүрэн санхүүжүүлэв.

Төв аймгийн Заамар сумын “Инээмсэглэл” хүүхдийн цэцэрлэгийн анги тохижуулалтад тоглоомууд болон зөөлөн эдлэлээр хангасан.

Төв аймгийн Заамар сумын төв замын гэрэлтүүлгийн ажлын төслийг санхүүжүүлж орон нутгийн иргэдийн тав тухтай амьдралд дэмжлэг үзүүлэв.

Ашигт малтмалын газар, Дорноговь аймгийн Хамарын хийдийн захиргаа, ард иргэдийн хүсэлтийн дагуу энергийн төвд 120 м гүнтэй худаг өрөмдөж, усан хангамжийг шийдэж гүйцэтгэж өгөв.

Дорноговь аймгийн Өргөн сумын захиргааны хүсэлтээр шинээр үүссэн хогийн цэгийн 100*90 м талбайд 3224 м³ шороо асган булж нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгөв.

Булган аймгийн иргэн М.Эрдэнэцэцэгт эмчилгээний зардалд 1 сая төгрөгийн тусламж үзүүлэв.

Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын байрыг компанийн нийгмийн хариуцлагын сангийн санхүүжилтээр барьж хүлээлгэн өгсөн.

Булган аймгийн бүх сумдын төлөөлөл болсон 60 гаруй ахмадуудыг БНХАУ-ын Бээжин, Утай, Хөх хотуудад аялуулах ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

Булган аймгийн Булган сумын 6-р цэцэрлэг, Төв аймгийн Заамар сумын цэцэрлэг, дотуур байрны гал тогооны хэрэгслийг иж бүрэн шинчлэж, тохижуулах ажлыг санаачлан хэрэгжүүлж эрүүл аюулгүй орчинд хоол үйлдвэрлэх нөхцөл боломжийг хангаж өглөө.

Булган аймгийн Орхон суманд зохион байгуулагдсан Залуучуудын хөдөлгөөний 90 жилийн ойн арга хэмжээг ивээн тэтгэн зохион байгуулав.

Нийгмийн хөгжлийн анхдагч нэгж болох гэр бүлийг дэмжих зорилгоор Булган аймагт оршин сууж, амьдарч буй амьжиргааны түвшинээс доогуур орлоготой 108 айл, өрхийг “Монгол Гэр” төсөл хэрэгжүүлж орон гэртэй болгов.

Булган аймгийн Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 4 төсөлд нийт хөрөнгө оруулсан.

Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байрлах сум дундын эмнэлэгт нэн шаардлагатай байгаа эмнэлэгийн тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэв.

2011 оны 8-р сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монголын мэдрэлийн мэс засалч эмч нар Ази, Европ, АНУ зэрэг дэлхийд алдартай мэдрэлийн мэс засалч эмч нараас туршлага солилцох 4 өдрийн сургалт семинарийг ивээн тэтгэсэн.

Green Sos төрийн бус байгууллагаас “Уул уурхайн нөхөн сэргээлт, нөхөн хамгаалал” сэдвээр зохион байгуулсан фото зургийн үзэсгэлэнг ивээн тэтгэв.

Монголын хойч ирээдүй болсон оюунлаг иргэдийг бэлтгэж, боловсролтой шинэ үеийн залуусийг төрүүлэх эрхэм зорилготой “Ухаалаг хүүхэд” сурагч солилцооны хөтөлбөрийг анх удаа үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг дэмжив.

Дорноговь аймгийн Өргөн суманд 20 жил хуримтлагдсан хогийн цэгийн хур хогийг 2 дамп машин, 1 бульдозер, 1 экскаватор, 30 хүний бүрэлдэхүүнтэй багаар, нийтдээ 10 сая төгрөгийн зардлаар бүрэн цэвэрлэж хүлээлгэн өгөв.

Дорноговь аймгийн Өргөн суманд гарсан Туурайн амны халдварын гол цэгт ажилласан багт 400.4 мянган төгрөг, дизелийн түлш, мөн байрлах гэрүүдийг гаргаж туслалцаа үзүүлэв.

ОХУ-ын нарийн мэргэжлийн эмч, эрүүл мэндийн үзлэг оношилгооны баг ажиллуулж, Тосон уурхайн нийт ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулав.

Төв аймгийн Заамар сумын Алтан Заамар санд 30 сая төгрөг, мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөгжилийн санд 15 сая төгрөгийг тус тус хандивлав.

МҮХАҮТ-ын 50 жилийн ойд зориулж 10 сая төгрөг хандивлав.

ОБЕГ-т орон даяар болсон зудын гамшигт туслах зорилгоор, малын тэжээл бэлдэх ажилд 16 сая төгрөг хандивлав.

Дархан хотын Техникийн Дээд Сургуульд компьютерийн танхимыг иж бүрэн тоноглоход 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв.

Булган аймгийн Бүрэгхангай сумын дунд сургуулийн дотуур байранд их засвар хийхэд нь 10 сая төгрөгийн тусламж үзүүлэв.

Төв аймгийн Заамар суманд “Ахуй үйлчилгээний төв” барихад нь 21 сая төгрөгийн тусламж үзүүлэв.

Манай оронд тархсан гахайн ханиад буюу H1N1 вирусын халдварын хурц үеээр ЭМЭШГ-д хэвтэж эмчлүүлж байсан эхчүүд, эмэгтэйчүүдэд 12.3 сая төгрөгийн, 3-р амаржих газрын эхчүүд өвчтөн нарт 12,3 сая төгрөгийн, “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв” –ийн хамт олонд АНУ-ын SWANSON компанийн 13,8 сая төгрөгийн амин дэмүүдээр дэмжлэг үзүүлэв.

Нийслэлийн СХД-ийн 3-р хорооны иргэн нүдний хорт хавдартай 1,5 настай Б.Болор-Эрдэнэ хүүд нүдний болор суулгах эмчилгээ хийлгэхэд нь 500 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн.

Эх үрсийн баярыг тохиолдуулан хамтран ажилладаг Төв аймгийн Заамар сумын хичээл сурлагандаа хамт олноо тэргүүлдэг, эмзэг бүлгийн хүүхдүүд, БГД-ын Verbite хүүхэд асрах төвийн нийт хүүхдүүдэд амттаны дээж, дуулах дуртай дуунуудыг багтаасан дууны СД, хүүхэд болгоны унших дуртай Улаан малгайт хэмээх зохиолыг орос монгол хэл дээр нь харьцуулж бичсэн бяцхан ном, Ан амьтны тухай адал явдалт өгүүлэглэгүүд, витамины дээжийг бэлэг болгон өгсөн.

Гацуурт тосгоны эмзэг бүлгийн хүмүүст Улаанбаатар хот дахь Солонгосын Сонгдо эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтарч бүх төрлийн оношлогоо, үнэгүй эмчилгээ хийлгэн хамтран ажиллав.

Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сумдын болон өөрийн компанийн орон гэрний хэрэгцээтэй байсан 100 айл өрхөд амьдрах гэр бэлэглэж, дэмжлэг үзүүлэв.

Дорноговь аймгийн Өргөн сумын оршин суугчдын ундны усны асуудлыг шийдэн 100 м гүн цэвэр усны цооног, худаг гаргаж сумын иргэдэд хүлээлгэн өгөв.

Дорноговь аймгийн Өргөн суманд шинээр хурдны интернэт, шилэн кабелийг тавихад 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тус компанийн ажилтан ажиллагсдад, хөдөө орон нутгийн иргэд дэлхийн хэмжээний мэдэээлэлтэй холбогдон ажиллах боломжтой болсон.

Төв аймгийн цагдаагийн газрын ажилтнуудын хэрэгцээнд зориулан Японы SHARP фирмийн өнгөт телевикор 7 ширхэгийг хандивлав.

Бэлчээрийг усжуулах, хөдөөгийн хүн малыг ундны усаар хангах, төр засгийн бодлогыг дэмжиж Төв аймгийн Заамар сумын нутагт гүний худаг гаргах 3 газарт усны шинжилгээ, өрөмдлөгийн ажил хийж худаг гаргаж хүлээлгэн өгөв.

Төв аймгийн Заамар суманд 2007-2008 оны хичээлийн жилд нийт 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв. Үүнд: Сурагчдын ая тухтай амьдрах таатай орчинг бүрдүүлэн 4 том заалыг тоосгон ханаар өрлөг хийж, 12 тусдаа стандарт тохилог өрөө болгон тохижуулав. Дотуур байрны 72 ширхэг модон цонхыг иж бүрэн шинэчилэн вакуум цонхоор сольж, иж бүрэн их засварын ажлыг хийж хүлээлгэн өгөв. Сүүлийн үеийн иж бүрэн тоног, хэрэгслээр тоноглогдсон ариун цэврийн өрөөг ашиглалтад оруулав.

Төв аймгийн Заамар сумын сургуультай байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ээр компьютерийн танхимд 10.5 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн компьютерууд, дагалдах тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.

Заамар сумын Засаг даргын Тамгын газрын байрны гадна талын их засварын ажлыг богино хугацаанд 10.3 сая төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэв.

Төв аймгийн Заамар сумын төв болон 2,3 дугаар багийн ард иргэдэд МУГЖ Т. Ариунаа, МУСТА С. Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй урлагийн бригадаар үйлчлэх ажлыг зохион байгуулав.

Харж хайхрах эзэнгүй, хамгаалах газаргүй болж, ширгэж устахын ирмэгт тулаад байсан Заамар сумын 3-р багийн нутаг дахь “Гичгэний булаг”-ийн эхийг хамгаалж хашаа хороо барьсанаар уг булгийн ус сэргэн урсаж тэр орчмын 10 гаруй мянган толгой мал, нутгийн иргэдийн ундны цэвэр усны хэрэгцээг хангадаг боллоо.

Улаанбаатар хотын зуслангийн бүс нутаг Санзайн аманд гэрэл цахилгаан, усан хангамж, дэд бүтэц бүхий 20 айлын тохилог зуслангийн цогцолбор барив.

Төв аймгийн Заамар сумын иргэн Д.Ихбаярт төмс хүнсний ногооны фермерийн төсөлд 3,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.

2005 онд

Төв аймгийн Заамар сумын уурын зуухны засвар үйлчилгээг 20 сая төгрөгөөр бүрэн хийлгэв.

Орон нутгийн ард иргэдийг жижиг дунд бизнес эрхлэн амьдрал ахуйгаа дээшлүүлэх үйл ажиллагааг нь дэмжиж Төв аймгийн Заамар сумын иргэн Д.Энхтөрийн төмс хүнсний ногооны фермерийн төсөлд 8,0 сая төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлсэн.

2006 онд

Заамар сумын Хайлаастын 3-р багийн ажлыг дэмжих зорилгоор 3 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн.

40000 айлын орон сууц барих Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг дэмжиж, Улаанбаатар хотын төвд 96 /2х48/ айлын тохилог орон сууц барьж, чанарын онц сайн үзүүлэлттэйгээр ашиглалтанд өгөв. Энэ барилга маань 2006 оны “Шилдэг барилга”-ийн нэг болсон. /УИД-ын хойно байрлалтай/

1999-2000 онд

Тосон уурхайн ажилчдын ажиллаж амьдрах тосгонд иж бүрэн дэд бүтцээр тохижуулан ашиглалтад оруулав.

1999 оноос Монгол улсын эмэгтэй самбо, жудо бөхийн шигшээ багийг ивээн тэтгэж, дэлхийн аварга Х.Батхишиг, Эрдэнэ-Од, Ш.Цэвэлмаа, Д.Батдэмбэрэл, Долгормаа, О.Бундмаа нарыг тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө хүрэл медаль авахад санхүүгийн дэмжлэг байнга үзүүлж ирсэн.

2002 онд

Нийслэлийн 70-р сургуулийн дэргэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан “Амьдрах ухаан” төслийг санхүүжүүлж хэрэгжүүлсэн.

2004 онд

Булган аймгийн Дашинчилэн суманд 120 хүүхдийн бага сургуулийг барьж ашиглалтад өгөв.