Нийгмийн хариуцлага

Аливаа ордыг олборлох уулын ажил нь нөхөн сэргээлтийн технологид шууд нөлөөлдөг. Иймээс техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил нь уулын ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг гэж ойлгож болно. Техникийн нөхөн сэргээлтийн технологийг олборлолт, хөрс хуулалт, дотоод овоолго үүсгэлт зэрэг уулын ажлын технологитой харилцан уялдуулж гүйцэтгэх нь хосолмол аргаар илүү их нөхөн сэргээлтийн ажил явуулах боломжийг бүрдүүлдэг.

Монполимет Группын Тосон үйлдвэр, Монцемент үйлдвэрүүдийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаандаа ОХУ, АНУ, ХБНГУ, Япон, БНСУ зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орны орчин үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Үйлдвэрүүдийн уулын ашиглалтын систем нь хөрс хуулалт, техникийн нөхөн сэргээлтийг хамтад нь түвшний тээвэрлэлттэй дотоод овоолгоор зэрэгцүүлэн хийж, гадаргууг анх байсан хэлбэрт нь оруулдаг. Техникийн нөхөн сэргээлт хийхэд дараах үе шатууд байна.

Техникийн нөхөн сэргээлтийн үе шатууд: 1-р үе шат: Уурхайн ашиглалт явахаас өмнө ургамлын нөмрөг бүрхэвч болох шимт хөрсийг хуулж тусад нь овоолгоор хадгалж нөхөн сэргээлтийн хамгийн эхний үе шатны ажил хийгдэж эхэлдэг.

2-р үе шат: Ашиглалтын үед үүссэн орон зайг дотоод овоолгоор дүүргэн “Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлт” МNS 5917:2008 стандартаар газрын гадаргын анхдагч хэлбэрт оруулж, тэгшлэн биологийн нөхөн сэргээлтэд бэлэн болгоно.

2017 онд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг олборолтын үйл ажиллагаа явуулсан талбайд ЭШ-10/70, ЭШ-6/45 алхагч экскаваторууд болон Коматцу D155А, D65Е, CAT-D9R бульдозеруудаар нийт 53.6 га талбайд хийж гүйцэтгэлээ.