МЭРГЭЖЛИЙН УУЛ УУРХАЙ БА БАЙГАЛЬ ОРЧИН – МОППОЛИМЕТ 2018

Нийтлэгдсэн: 2 сар, 3 долоо хоног өмнө

Монполимет ХХК нь үйл ажиллагаагаа эхэлсэн цагаасаа хойш Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, байгаль орчноо хамгаалах, олборлолт хийсэн газруудыг нөхөн сэргээх ажлыг үлгэр жишээчээр хийсээр ирсэн уул уурхайн салбарын жишиг байгууллага билээ.

Тус хамт олон нь бүс нутгийн онцлог, экологийнсудалгаанд үндэслэн нөхөн сэргээлт, уурхайн хаалтын ажлыг хийсэн туршлага, ололт амжилтаа бусад аж ахуйн нэгж, төрийн, төрийн бус байгууллагууд болон ард иргэдтэйгээ хуваалцахаар МЭРГЭЖЛИЙН УУЛ УУРХАЙ БА БАЙГАЛЬ ОРЧИН – МОНПОЛИМЕТ 2018 сэдэвт нөхөн сэргээлт онол-практикийн улсын үзүүлэх сургалтыг 2018 оны 09-р сарын 14-ний өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт орших Тосон үйлдвэртээ амжилттай зохион байгууллаа.

Нөхөн сэргээлтийн онол-практикийн нээлттэй үзүүлэх сургалтад УУХҮЯ, БОАЖЯ, уул уурхай, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, хэвлэл мэдээлэл, орон нутгийн төлөөллүүд бүхий 60 орчим байгууллагын 150 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон.

Тосон үйлдвэр нийтдээ 931 га талбайд олборлолт явуулснаас техникийн нөхөн сэргээлтийг 90 хувь буюу 743 га талбайд, биологийн нөхөн сэргээлт, ургамалжуулалтын ажлыг 60 хувь буюу 514 га талбайд тус тус хийж гүйцэтгэж нөхөн сэргээлтийн ажилд нийтдээ 14 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.

Монполимет компанийн хамт олон Монгол улсдаа анх удаа 17 га талбай бүхий хөрсний гүний цэвэр уст үе давхаргаар байнга сэлгэгдэж байдаг Тосон нуурыг 2001 онд байгуулсан бөгөөд 2011 оны Монгол улсын гадаргын усны тооллогоор энэхүү нуурыг улсын бүртгэлд бүртгэж авсан юм.

Нуурын эргийн нөхөн сэргээлт хийсэн талбайд улиас, хайлаас, орон нутгийн бургас зэрэг мод тариалсан бөгөөд зэгс, шагшуурга зэрэг усны ургамал даган ургаж зэвэг, алгана, цурхай, хэлтэг, цулбуурт зэрэг олон зүйлийн загас амьдарч байна.

Тосон үйлдвэр ойжуулах ажлын хүрээндээ биологийн нөхөн сэргээлт хийгдсэн 235 га талбайд 80 мянга гаруй мод тариалсан бөгөөд 14 хүртэлх настай, 5.5 км урт дөрвөн хэсэг ойн төглүүд бий болгоод байна.

Мөн БНСУ-ын “Nyamkyang” компанитай хамтран 45 га талбайд дуслын усалгааны системийг,ХААИС-ийн Инноваци хөгжлийн төвтэй хамтран таримлын үндсийг голлосон хэлбэрээр эгц доош нь чиглүүлж, хөрсний зөв бүтэц найрлагыг бий болгож, амьдрах чадварыг сайжруулах био нүүрсэн бортогыг үйлдвэрлэн мод тарьж, ойжуулах ажлыг тус тус Монголын уул уурхайн салбарт анх удаа нэвтрүүлжээ.

Тосон үйлдвэрийн нөхөн сэргээлтийн ажилтай танилцсан БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Тосон үйлдвэрийн нөхөн сэргээлт хийж байгаа талбайтай танилцахад сэтгэл хангалуун байна. Энэ хамт олноос бусад уул уурхайн компаниуд үлгэр жишээ аваасай гэж бодож байна” гэсэн юм.

Монполимет ХХК-ийн хамт олны ажлыг үнэлж МҮХАҮТ-аас уул уурхайн шилдэг нөхөн сэргээгч байгууллагаар 12 удаа шалгаруулж, БОАЖЯ-аас оны онцлох байгальд хөрөнгө оруулагч компани, Туул голын сав газрын захиргааны дээд шагнал “Хатан Туул” өргөмжлөл зэрэг салбартаа нэр хүндтэй олон шагналаар шагнасан юм.

Тсосн үйлдвэрийн үйл ажиллагаа хаалтын шатандаа явж байгаа бөгөөд цаашдаа энэхүү нөхөн сэргээсэн газар нутаг, үйлдвэр сургалтын баазаа амралт сувилал, аялал жуулчлалын бүс болгож, спорт загас агнуур, жимс жимсгэний аж ахуй болгон эдийн засгийн эргэлтэд оруулж, орон нутагт нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Тосон уурхайн тосгон