FeaturedАмжилтын түүх: Монполимет группийн Ерөнхийлөгч Н.Мөнхнасан

February 15, 2022by monpolymet_admin

Энэ бүсгүйн талаар дан ганц “Шинэ үеийн эмэгтэй залуу лидер” гэдэг тодорхойлолт хангалтгүй. Учир нь тэр төрөл бүрийн шинж чанарыг өөртөө төлөвшүүлсэн бие хүн.

Тэр бол Монголын томоохон групп компанийн захирал, бас залуухан алдарт эх. Хүнд үйлдвэрийн салбарын манлайлагч, бас олон улсын гоёл чимэглэлийн брэндийн нүүр царай. Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын төслийн удирдагч, завгүй захирал, гэхдээ ажилсаг гэрийн эзэгтэй. Мөн киксбоксчин ба бясалгагч, математикч ба бүжигчин.  Бизнесийн талбартаа бол зарчимч, шударга бус үйл хэрэгтэй хатуу тэмцэгч.

Өөрөөр хэлбэл, Нармандахын Мөнхнасанд мэдлэг хийгээд мэдрэмж, туршлага хийгээд зөн совин, хатуужил хийгээд уян хатан байдал, эр зориг ба гоо үзэсгэлэн хосолжээ. Тиймээс энэ хүн Монголын бизнесийн салбар дахь эмэгтэй захирлуудын дундах ховорхон дүр юм. Тэгвэл энэ дүр хэрхэн бүтсэн юм бол?

Бөмбөрцгийн нөгөө бөөрөнд, танихгүй айлд 

Түүний хүүхэд нас амандаа чихэртэй, үсэндээ туузтай охины бодож санах юмгүй он жилүүд байсангүй. Ээж нь олон сараар геологийн экспедицэд явчихдаг, ганц дүү нь өвчтэй учраас гэрээ цэвэрлэх, хоол хийх, дүүгээ асрах зэрэг арын ажил тэр чигээрээ түүн дээр буудаг байв. Математикийн багш мэргэжилтэй сургуулийн захирал аавын хүүхэд тэрээр хичээлдээ шамдаж, хөгжим, бүжгийн дугуйланд явж, үлгэр жишээ сурагч байж чаддаг байлаа. 14 настай байхдаа аавыгаа алдаж, айлын том охины үүрэг хариуцлага улам томорч, хүүхдээрээ “насанд хүрэхээс” өөр сонголт үлдсэнгүй.

Тэр жилдээ Пионерын ордны англи хэлний дугуйланд сурч байхдаа Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар Монголд ажиллаж байсан Лиза Брадфорд хэмээх багштай танилцаж нөхөрлөсөн нь түүний амьдралд гарах том өөрчлөлтийн эхлэл болов. Ядуу буурай оронд, танихгүй хүмүүсийн дунд, идэж дасаагүй хоол ундтай зүдэрч байсан энэ бүсгүйн хувьд Н.Мөнхнасан дотны найз нь болов. Нэгэнтээ Америкт очиж үзэх хүсэлтэйгээ хэлэхэд оюутан солилцооны INMEX хөтөлбөрийн тухай ярьж өгөөд туслахаар шийдэв. Тэдний сонгосон хөтөлбөр 5000 ам.долларын үнэтэй байв. Америкт хүлээж авах гэр бүл байгаагүй учраас Лиза түүнийг шууд өөрийнхөө оронд гэр лүүгээ явуулахаар болжээ.

Тэр үед ээж Ц.Гарамжав нь Монполимет компаниа дөнгөж байгуулаад, гайгүйхэн оффис түрээслэн тавилгууд аваад байж байтал тэр ээждээ 5000 ам.долларын тухай хэлсэн нь гэр бүлд байтугай компанийн хувьд ч санхүүгийн том асуудал болов. Тэгсэн ч охиныхоо ирээдүй, алсын харааг бодсондоо гэрийнхээ болон оффистоо авсан тавилгаа буцаан зарж шаардлагатай мөнгийг олж, “Миний охин газар үзээд юм сураад ир” гэв. Н.Мөнхнасангийн хувьд мөрөөдлөө биелүүлж англи хэл сайн сураад, дүүгээ эмчлүүлэх хүсэл нь хүчтэй байлаа.

Тэсвэр хатуужил, хөдөлмөрч, тууштай чанарын үлгэр жишээ болсон ээжийнхээ итгэлийг дааж, хариуцлага алдахгүй явах нь түүний амьдралын гол чиг баримжаа байв.

Лизагийн аав, ээж нь Сан Францискогийн онгоцны буудал дээр уг нь охиноо тосох хүсэлтэй байсан авч оронд нь хаа холын Монголоос гэнэт гэрт нь өсвөр насны хүүхэд ирэхэд эхэндээ Лизагийн гэр бүл хүлээж авах дургүй байв. Охиныхоо ятгаснаар л түр хугацаанд байлгахаар болжээ. Гэхдээ удалгүй байдал сайнаар эргэж Н.Мөнхнасан энэ гэр бүлийн гишүүн болжээ. Аавтай нь англи хэл судалж, ээжтэй нь хоол хийсээр Лизаг гэртээ эргээд ирэхэд тэр гурав хэдийнэ дотноссон байлаа.

Гурван жилийн дараа сургуулиа төгсөөд буцах болоход Aмерик аав, ээж нь явуулахгүй хэмээн нулимс унагав. Харин төгсөлтийнх нь баяр дээр ирсэн Ц.Гарамжав гурван жилийн өмнө явсан охин нь тэс өөр болсныг хараад гайхаж баярлах зэрэгцэв.

Түүнийг Америкт ахлах сургуульд сурч байхад хүүхдүүд гадуурхах нь ердийн хэрэг байжээ. Ангидаа нөлөөтэй болохын тулд өөрийн хамгийн хүчтэй тал болох математикийн мэдлэгээ ашиглан сурагчдад тусалж, оронд нь англи хэлний хичээлдээ туслуулдаг байв. Богинохон хугацаанд сурлагын өндөр амжилт гаргасан тэр INMEX хөтөлбөрөөр дахин 20 монгол оюутан авчраад өөрөө үнэгүй сурах санал авч байлаа. Түүний гаргасан мөрөөр АНУ-ыг зорьсон олон арван залуус өнөөдөр Монголын үнэ цэнэтэй мэргэжилтнүүд болсон.

Ийнхүү 1995 онд хувь заяа Н.Мөнхнасанг бөмбөрцгийн нөгөө бөөрөнд шидэн, огт танихгүй гадаад айлд аваачсан ч тэр харь хөрсөнд цэцэглэж чаджээ. Үүнээс хойш Сан Францискогийн их сургуульд эдийн засаг, санхүүчийн мэргэжлээр онц төгсч, Монголын Төвбанканд эдийн засагчаар ажиллаж, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд санхүүгийн инженерчлэл, эдийн засгаар магистрт сурч, Дэлхийн банкны төв оффист ажилласанаар мэдлэг тэгширсэн үнэ цэнтэй менежер, удирдагч болж төлөвшжээ.

Ингэж төлөвшихөд ээжийнх нь нөлөө хүчтэй байсан тухай тэр байнга онцолдог. Тэсвэр хатуужил, хөдөлмөрч, тууштай чанарын үлгэр жишээ болсон ээжийнхээ итгэлийг дааж, хариуцлага алдахгүй явах нь түүний амьдралын гол чиг баримжаа байв.

Н. Мөнхнасанг ээж нь гайхалтай өөдрөг үзэл бодолтой, ямар ч хүндрэлтэй асуудлыг нэг л ухаантай үгээр засчихдаг охин доо гэж тодорхойлдог.

Тогтвортой хөгжлийн суурийг цутгав

Хэрэв Монголын уул уурхайн салбарын түүхийн номонд Монполимет компанийг оруулахгүй бол хэд хэдэн хуудас ураад хаячихсан юм шиг санагдана. 1992 онд байгуулагдсан, олборлон-сэргээгч гэж тодорхойлж болох уг компанийн нэрийн хуудас нь нөхөн сэргээлт, эко үйлдвэрлэл. Бараг 30 жил уул уурхайн салбарт ажиллахдаа хариуцлагатай уул уурхайн үлгэр дуурайлал болж, ойжуулах, цэцэрлэгжүүлэх, усжуулах, бэлчээр гаргах, хиймэл нуур байгуулах зэргээр нөхөн сэргээлтэд 10 гаруй сая ам.долларын хөрөнгө зарж, олборлосон талбайгаа 90-ээс дээш хувьтай нөхөн сэргээж, байгаль эхэд буцаан хүлээлгэж өгсөөр иржээ. Тиймдээ ч  энэ хамт олон жил дараалан “Уул уурхайн салбарын тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж” гэдэг шагналыг авсан.

Үүсгэн байгуулагч Ц.Гарамжав 2015 онд том охиндоо групп компаниа хүлээлгэн өгөхөд Монполимет хэдийнэ тогтвортой хөгжлийн бат бэх суурийг цутгасан байв. Харин Н.Мөнхнасанд ээжийнхээ үүсгэн байгуулсан компанийг дэлхийд өрсөлдөхүйц болгон хөгжүүлэх ээлж ирэв.

Дан ганц уул уурхайн бизнес эрхлэх нь түүхий эдийн үнийн хэлбэлзэл, эдийн засгийн савлагаанд хэтэрхий өртөмхий, эрсдэл ихтэй тоглоом учраас гэр бүлийнхээ бизнесийг төрөлжүүлэх хэрэгтэй байв. Энэ үед Монгол Улс бүтээн байгуулалтад шаардлагатай цементийн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, урд хөршөөс 80-90 хувийг импортоор авдаг хараат байдлыг халах эрчимтэй бодлого явуулж байлаа. Ингээд Монполиметийнхан компанийн эзэмшилд байсан Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дахь Сэнжит Худагийн шохойн чулууны ордыг эргэлтэд оруулж, үндэсний цементийн цогц үйлдвэрийг барих шийдэлд хүрсэн аж.

Ам.долларын ханш 1400 орчим төгрөг байхад анхны ТЭЗҮ-г боловсруулжээ. Дэлхийн банканд ажиллаж байсан учраас зах зээлийн судалгаа, байгаль орчны үнэлгээ, нийгмийн хариуцлагын тайлан зэрэг энэ мэт томоохон бүтээн байгуулалтад шаардлагатай нүсэр ажлуудыг Н.Мөнхнасан амжилттай нугалав. Дээрх орд нь бараг хоёр зуун жилийн батлагдсан нөөцтэй, сайн чанарын цемент үйлдвэрлэх боломжтой байсан ч хөрөнгө оруулалт олно гэдэг түүнд том сорилт болов.

Хүн ам цөөтэй, дэд бүтэцгүй говь нутагт, тэгээд бас Монголд нэг хүнд ногдох цементийн хэрэглээ багатай учраас түүний төсөлд хөрөнгө оруулах байгууллага эхэндээ олдохгүй байлаа. Нэг бус удаа татгалзсан хариу сонсч байсан ч шантралгүй хөдөлмөрлөж, хөөцөлдсөний эцэст дотоод болон гадаадын санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө оруулалт татан үндэсний хэмжээний төслийг хэрэгжүүлэх боломжтой болов.

Улмаар 2014 оны тавдугаар сард Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (EBRD) Лондон хотноо байрлах төв оффист Н.Мөнхнасан нийт 260 сая ам.долларын хамтарсан хөрөнгө оруулалттай Монцемент төслийн гэрээг үзэглэжээ. Шинээр байгуулагдсан Монцемент Билдинг Материалс ХХК-ийн 80 хувийг Монполимет групп, 20 хувийг EBRD эзэмшихээр болж, санхүүжилтийн 75 хувийг EBRD болон Монполимет ХХК, 25 хувийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас босгожээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Хөгжлийн Банкнаас авсан санхүүжилтийн эргэн төлөлтөнд 118 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийгээд байгаа аж. Ингэхдээ ханшийн эрсдлийг хүртэл дангаар үүрч 27 тэрбум төгрөг төлжээ.

Тэрээр гурван жил Монцемент төслийн хөрөнгө оруулалтыг хөөцөлдсөний үр дүнд амжилт олж, олон улсад бэлтгэгдсэн менежер гэдгээ харуулж, аж үйлдвэрийн том төслийг амжилттай эхлүүлж чадсан юм.

Хариуцлагатай уул уурхайгаас гадна үйл ажиллагаандаа жендерийн эрх тэгш байдлыг хангасан нь Монполимет группийн бас нэгэн онцлог юм. Энэ нь олон улсын санхүүжилт авахад нь бас чухал шалгуур болсон байна.

Монцемент төсөл группийн тогтвортой хөгжлийн алсын хараа, эрхэм зорилгыг үргэлжлүүлж Eвроп стандартын хуурай аргын технологитой, үйлдвэрийн хаягдал халуун хийг ашиглан 5мВт эрчим хүч үйлдвэрлэж, эргээд түүнийгээ үйлдвэртээ ашигладаг WHR системийг Монголд анх удаа нэвтрүүлэв. Энэ технологи нь Европын холбооны улсуудад ердөө гарын таван хуруунд багтахаар цөөхөн аж. Мөн ахуйн болон үйлдвэрийн хаягдал усны 90 хувийг дахин ашигладаг, нойтон аргатай харьцуулахад усны хэрэглээ 4-5 дахин бага зэрэг давуу талтай үйлдвэр байлаа. Эко үйлдвэрлэлийн нөү хау-г амжилттай хэрэгжүүлснийг баталж 2017 онд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Монцемент төслийг дэлхийн 200 гаруй төсөл дундаас шалгаруулан “Тогтвортой хөгжлийн шагнал” өгчээ. Энэ нь монгол компанид анх удаа өгсөн шагнал байлаа.

Бүтээн байгуулалтын ажил эдийн засгийн таагүй нөхцөлд үргэлжилж байсан ч Дорноговь аймгийн Өргөн суманд хөгжлийн шинэ эрин үе ирсэн юм. Энд “Монросцветмет” нэгдлийн хайлуур жоншны үйлдвэр буюу “Өргөн” –ий уулын үйлдвэрт нутгийн иргэд ажиллан ажил, амьдралаа залгуулдаг байжээ. 2012 онд тус үйлдвэр бүрэн хаагдсанаар нэг хэсэг нутгаа орхисон нүүдэл, шилжилт хөдөлгөөн ихэсч, сумын төв эзгүйрэх хандлагатай болов.

Харин 2015 он гэхэд жилд нэг сая тонн цемент, цементийн клинкер үйлдвэрлэх хүчин чадалтай Монцемент цогц үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт амьдрал жинхэнэ ёсоор буцлав. 500 орчим ажлын байр шууд шинээр бий боллоо.

Дундговь аймгийн Өргөн суман дахь Монцемент Билдинг Материалскомпанийн цементийн цогц үйлдвэр

Гурван үе шаттай хэрэгжсэн Монцемент төслийн бүтээн байгуулалт 2016 онд бүрэн дуусч, эдүгээ Монголын цементийн нийт хэрэгцээний бараг гуравны нэгийг хангаж байна. Хожим ам.долларын ханш огцом өсч, санхүүжилтийн өртөг 30 хувиар нэмэгдсэн ч Монцемент Билдинг Материалс ХХК аж үйлдвэрийн суурь бүтээгдэхүүний нэг болох цементийг чанартай, тогтмол нийлүүлсээр байгаа. Яагаад гэвэл энэ бол хүн амыг орон сууцжуулах, улс орныг дэд бүтэцжүүлэх стратегийн бүтээн байгуулалт болохоор өн удаан жил үргэлжлэх учиртай. Түүнээс гадна энэ төсөл нэг талаас Монгол Улс барилгын материалын зах зээлээс хараат бус байх бодлогыг хангаж, нөгөө талаас үүнийг хувийн хэвшил гардан хийсэн гэдгээрээ маш том амжилт юм. Үр дүнд нь “Тэмээтэй цемент” гэдгээрээ хэрэглэгчдийн дунд танигдсан дэлхийн стандартын бүтээгдэхүүн бий болжээ.

Өнөөдөр Монцемент Билдинг Материалс ХХК Өргөн суманд бараг л жижигхэн хот улсыг байгуулжээ. Саяхныг хүртэл эзгүй байсан талд том үйлдвэр, цахилгаан станц, төмөр зам, цэвэрлэх байгууламж, ажилчдын хотхон, цэцэрлэгт хүрээлэн, салбар үйлдвэрүүд ээлж дараалан баригдав. Сум орон нутгаа орхин явсан олон хүн эргэн ирж, нийт ажилчдын 70 орчим хувьд нутгийн иргэд ажиллаж байна.

Найман салбар компанийн 1000 гаруй залуусыг удирдан чиглүүлж явна.

Н.Мөнхнасан эдүгээ Монполимет группийн ТУЗ-ийн даргаар ажиллаж, уул уурхай, байгалийн нөхөн сэргээлт, барилга, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг найман салбар компанийн 1000 гаруй залуусыг удирдан чиглүүлж явна. Энэ том айлыг нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлага, нөү-хау гэсэн үнэт зүйлс урагш хөтөлдөг. Түүнчлэн группийн нэгэн том бахархал нь 30 гаруй жилийн хугацаанд төрөн гарсан олон арван инженер, техникийн ажилтнууд юм. Монцемент үйлдвэр ашиглалтад орсноор орчин үеийн дэвшилтэт технологийг эзэмшсэн Монгол мэргэжилтнүүдийн залуу үе бүрэлдэж байна.

30 жил оршин тогтнож буй групп компанийн удирдагчийн хувьд Монголын бизнесийн салбарын хөгжлийг чангааж буй гол зүйл нь хууль эрх зүйн ойлгомжгүй байдал гэж дүгнэсэн. Тэрбээр “Монголын өнөөгийн бизнесийн орчинд хууль эрхзүйн салбарын тунгалаг байдал маш чухал боловч хууль хоорондын уялдаагүй байдал сорилтуудыг авчирдаг” гэдгийг ярилаа. Тухайлбал, 2013 онд баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг ижил тэгш татварын болон татварын бус бодлогоор дэмжихийг заасан байдаг ч энэ хуулийн хэрэгжилт одоо ч хангалтгүй хэвээр байсаар. Харин дэлхийн ихэнх улсын хувьд хувийн хэвшлээ төрөл бүрийн бодлогоор дэмжиж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цогцоор нь амжилттай хэрэгжүүлсээр байна. “Саяхан л гэхэд БНХАУ ядуурлыг устгасанаа зарласан. Ядуурлыг даван туулах гол бодлогод нь Алибаба зэрэг томоохон компаниуд маш чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж Н.Мөнхнасан хэллээ. Өөрөөр хэлбэл төр засгийн зүгээс хувийн хэвшлээ бодитойгоор дэмжиж ирсний дүнд эргүүлээд хувийн хэвшлийнхэн ядууралтай тэмцэхэд, эдийн засгаа сэргээхэд маш том хувь нэмэр болгож байгаа буюу төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байгаа. Манай улсын хувьд ч гэсэн энэ загварыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь алсдаа улс орны маань хөгжил илүү хурдацтай явах болов уу гэж хардаг гэж тэр онцоллоо.

“Хөрөнгө мөнгө бол хүний эцсийн зорилго биш. Нийгэмдээ үлдээх эерэг өөрчлөлт, үр нөлөө бол хүний хамгийн том амжилт”

Хариуцлагатай уул уурхайгаас гадна үйл ажиллагаандаа жендерийн эрх тэгш байдлыг хангасан нь Монполимет группийн бас нэгэн онцлог юм. Энэ нь олон улсын санхүүжилт авахад нь бас чухал шалгуур болсон байна. Хэрэгжиж буй бүх төсөл дээр компанийн удирдлага жендерийн харьцаанд ач холбогдол өгдөг. Нэг үгээр, Монголын эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг ямар өндөр байж болохыг харуулж чадсан компани юм.

Ээжийнхээ хамт “Мөнх Тогтвортой хөгжил” хэмээх хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн сайн сайхны төлөөх сайн үйлсийн санг байгуулжээ. Гэр хорооллын гурван цэцэрлэгт 200 гаруй хүүхэд шинээр хүлээж авах өргөтгөл, 150 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад оруулж,  Төв аймгийн Заамар, Дашинчилэн, Булган аймгийн Бүрэгхангай сумдад жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулж ахуй үйлчилгээний төв, бага сургууль, ордон барьж өгчээ. Н.Мөнхнасан уг сангаа ирээдүйд боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулдаг филантроп сан болгохоор шургуу ажилладаг. “Хөрөнгө мөнгө бол хүний эцсийн зорилго биш. Нийгэмдээ үлдээх эерэг өөрчлөлт, үр нөлөө бол хүний хамгийн том амжилт” гэж тэр ярьдаг.

Wonder woman

Н.Мөнхнасан захирлын хамгийн түрүүнд нүдэнд тусах шинж чанар бол өөрөөс нь шалтгаалах бүх зүйлийг тэнцвэртэй, эмх цэгцтэй барихыг хичээдэг явдал. Энэ нь ажлын газар, гэр орон, чөлөөт цаг зэрэг амьдралынх нь бүх талаас илт анзаарагдана. Алийг нь ч орхигдуулахгүйгээр компани, гэр бүл, эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл оюунаа эн тэнцүү хөгжүүлж, тордоно. Үүний тулд өдрийн 24 цагийг тун нарийн хуваарилж, эрх мэдэл, хариуцлагыг төлөөлүүлэх аргыг голдуу хэрэглэнэ. Жишээ нь, компани дээрээ ажилтнууддаа санаачлагаа хэрэгжүүлэх, бас алдах эрхийг нь өгч, аль болох бие даан ажиллуулах арга барилтай. Салбар компаниудын захирал менежерүүдээ “delegate” хийнэ. Харин гэртээ бол том хүүхдүүддээ дүү нараа өсгөж, хүмүүжүүлэх зарим ажлыг даатгана.

Төслийн ТЭЗҮ-г сайн боловсруулдаг шигээ гал тогоондоо орвол хоол ч сайн хийж чадна. Тэрээр карьер, амьдрал, эрүүл мэнд, фитнесс, нийгэмд оруулах хувь нэмэр, залуучуудад өгөх үлгэр дуурайлал гэх мэтээр өөрийгөө хөгжүүлэх схем, хөтөлбөрийг бий болгожээ.

Түүнийг сонирхолтой бие хүн гэдгийг илтгэх өөр нэг шинж чанар бол байнга боловсорч, өөрийгөө цэнэглэдэг дадал зуршил. Н.Мөнхнасан захирлын өглөө богинохон хугацаанд сунаж мөргөн бясалгал хийж тэр өдөртөө зарцуулах эрч хүч хуримтлуулснаар эхэлнэ. Ажил дээрээ тэр энергиэ аль болох бага зарцуулахыг хичээнэ. Орой нь гэртээ ирээд гэр бүлээсээ цэнэг авна. Хэрэв компани дээр стресстэй өнгөрсөн бол тэрийгээ гэртээ чирж ирэхгүй.

Түүнийг сонирхолтой бие хүн гэдгийг илтгэх шинж чанар бол байнга боловсорч, өөрийгөө цэнэглэдэг дадал зуршил.

Н.Мөнхнасан захирлын чөлөөт цагаараа хийдэг зүйлсийг тоочвол бүхэл бүтэн жагсаалт гарна. Спортын чиглэлээр кикбокс, фитнесс, кроссфит, бодибилдинг, аэробик, урлагийн талд балет, цэнгээнт болон монгол ардын бүжиг, ёочин, ятга, оюуны талбарт бясалгах, ном унших, амьтан тэжээх, СЕО нарт зориулсан Харвардын хөтөлбөрт сурах гэх мэтчилэн хөвөрнө. Ажил, амьдралаа тэнцүүлэх гээд зүдэрч яваа эмэгтэйчүүдийн хувьд тэр “Хэрхэн эрүүл, оюунлаг амьдрах вэ” нэртэй нэвтэрхий толь болжээ.

Хүнд хуримтлагдсан энергийн 60 хүртэл хувийг уураг тархи нь зарцуулдаг гэсэн судалгаа бий. Харин хүний тархинд эргэлдэж буй бодлуудын 80 хувийг сөрөг, хэрэггүй бодол эзэлдэг. Өөрөөр хэлбэл, ихэнх хүмүүс бие организмдаа хураасан энергийн бараг талыг сөрөг бодлуудад залгиулдаг аж. Н.Мөнхнасанг энэ талаар сайн мэддэг, тиймээс зөвхөн хэрэгтэй зүйлдээ л эрч хүчээ зориулдаг нэгэн гэж болно. Хамт олон, гэр бүл, найз нөхөд, түншүүд гээд бүх хүнтэй эерэг харилцаатай байж, урлаг, спортод дурлаж, ном унших, бясалгах зэргээр хаа явсан газраа яг “амьд батерей” шиг өөрийгөө цэнэглэнэ.

Түүний тэнцвэртэй, төлөвлөгөөтэй, эрүүл амьдралын хэв маягтай гэдгийг компанийнх нь оффисоор алхаж ороод харж болно. Дотоод тохижилт, тавилга хэрэгсэл гээд цаанаа л эзэгтэй хүний гар, сэтгэл оролцсоныг илтгэнэ. Кофе шоп, фитнес, спорт заал, тархиа амраан бясалгал хийж болох лаунж бий. Товчхондоо, нямбай, ажилсаг эмэгтэйн гэрт ороод ирсэн мэдрэмж төрж, эд зүйлс нь эзнийхээ өмнөөс эелдэгхэн мэндэлж байх шиг санагдана. Ажилчдынх нь хэлсэнчлэн Монполимет комплекст нэг л орсон бол гарахад хэцүү ажээ. Эндээс уг компани ажилчдын тав тухыг маш чухалчлан авч үздэг болохыг ойлгоно.

Н.Мөнхнасан хүүхдүүдтэйгээ найзын харилцаатай байхыг хичээдэг. Мэдээж гэр оронд тэдэнд зориулсан дүрэм журам бий. Гэхдээ энэ нь тэдний зан чанар, хүсэл мөрөөдөлтэй харшлахгүй. Ажил дээр ч төстэй зарчим үйлчилдэг. Аль нэг ажилтан асуудал гаргасан бол түүнээсээ суралцаад, алдаагаа давтахгүй байх нь чухал. Давтсан бол ямар арга хэмжээ авах нь тодорхой байдаг нь элдвийн үл ойлголцол гарах хийдлийг хаана.

Аавтай нь адил математикч мэргэжилтэй нөхөр нь Монгол Улсын Их Сургуулийн доктор профессор агаад олон улсад цөөнгүй эрдмийн бүтээлү туурвисан Төрийн соёрхолт математикч Ч. Алтаннар. Тэд физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр дунд сургуулийн нэг ангийн хоёр. Тэд хоёул завгүй ажилтай ч хүүхдүүдийнхээ зан төлөвшил, хүмүүжилд маш их анхаарал тавьдаг. “Манай нөхөр гэртээ ч багш учраас миний алдарт эхийн одон бол  алдарт аавынх шүү” гэж Н.Мөнхнасан захирал ярьдаг. Мянга гаруй ажилчинтай уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт их айлыг удирдаж яваа Н.Мөнхнасан захирлын хувьд гэр бүлдээ цаг зарцуулах нь мэдээж бага. Түүнийг ойлгож, хүндэлж, үргэлж түшиг яваа гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалд талархаж, тэднийхээ өгсөн элч хайр, урмын үгсээр тэтгэгдэж олон сорилтыг даван туулж яваа зоримог, өөдрөг сэтгэлгээтэй Монгол бүсгүй юм.

Эх сурвалж: Business.mn

MongoliaEnglish