Нийгмийн хариуцлага

Манай байгууллага уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулсан цагаасаа эхлэн эрхэмлэн барьж ирсэн бодлого, зарчим бол байгаль орчноо хайрлан хамгаалах, унаган төрхөнд нь эргүүлэн оруулах явдал билээ. Бид ашиглалт олборлолт явуулсан бүх талбайдаа 100% техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг график төлөвлөгөөний дагуу тусгайлан хөрөнгө, хүч гарган мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэгээрээ уул уурхайн компаниудаа сүүлийн жилүүдэд хошуучлан манлайлж байна.

Уул уурхайн компанийн хувьд байгаль орчинд сөрөг нөлөө хамгийн бага байх сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглах, нөхөн сэргээх бодлогын уялдааг сайжруулж, экологийн баримжаатай бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажилладаг.

Энэ зорилтын хүрээнд бид :

  • Байгаль хамгаалал, олборлолтыг нягт уялдуулах замаар байгалийг байнгын эзэмшил тордолт, хараа хяналттай болгож, нутгийн хүн амд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг бүрдүүлж, ISO 14001 стандартыг нэвтрүүлэх
  • Ойжуулалт, усжуулалтын бодлогыг шин‎э‎ түвшинд гаргаж, ялангуяа нутаг орныг ойжуулахад ажилчидынхаа оролцоог үлэмж нэмэгдүүлэх
  • Монгол орны экосистемийн т‎энцвэрт байдлыг хадгалахад онцгой үүрэг бүхий ургамлын зүйлийг судлах, сэргээн нутагшуулах, тарималжуулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөж хэрэгжүүлэх
  • Ашигт малтмалыг байгальд ээлтэй арга, технологиор ашиглахыг дэмжиж, уурхайн үйл ажиллагааны явцад эвдэрч гэмтсэн хөрсийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд ихээхэн анхаарч ажиллах
  • Байгалийн тэнцвэрт байдал, ой, б‎элчээр, тариалангийн талбайг хамгаалахын тулд хортон м‎эрэгч, шавьжтай тэмцэх ажлыг технологийн горимын дагуу зохион байгуулах
  • Монгол улсын Уул уурхайн салбарын тэргүүний нөхөн сэргээгч байгууллагын байр сууриа байнга хадгалах
  • Орон нутгийн иргэд, олон нийтийн байгууллагын санал зөвлөмжийг тусган ажиллах зэрэг болно.

Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд манай хамт олон дараахь бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Уурхайн Инженер Техникийн Алба нь техникийн нөхөн сэргээлтийн ажлыг уулын ашиглалтын ажилтай нягт уялдуулан төлөвлөлтийн дагуу 100 % хийж гүйцэтгэж байна.
  • Байгаль орчны нөхөн сэргээлт, ургамалжуулалтын тусгай албыг байгуулж ой зүйч, агрономич, экологич, техник, усалгаа арчилгааны ажиллагсадын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
  • Хүлэмжийн аж ахуй, үрсэлгээний талбай бүхий өөрийн мод үржүүлгийн газрыг байгуулан улиас, хайлаас, орон нутгийн бургас, саваа мод, голт бор, жимсний моднууд, улаан номонд орсон говийн сухай, жигд зэрэг модыг үржүүлэн, уурхайн биологийн нөхөн сэргээлтийн ургамалжуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж байна.
  • Биологийн нөхөн сэргээлтэнд олон наст ургамал согоовор, америк зүлэг, ботууль, канадын ногоон зүлэг, царгас, шар царгас зэргийг 2010 оны байдлаар нийт 173,6 га талбайд 40 тн, модлог ургамал сибирын цагаан улиас, орон нутгийн бургас, саваа хэлбэрт мод, жимсний бут, торлог, хайлаас зэргийг 70,9 га талбайд 43000 ширхэгийг тариалсан.
  • 2001 онд байгуулсан, 16 га талбайтай байнга сэлгэгдэх цэнгэг уст нууранд нь загас жараахай өсч, хун, бор галуу, алаг нугас, цахлай зэрэг усны шувууд өндөглөн үр төлөө өсгөн зусдаг болсон нь бидний бодит тодорхой ажлын үр дүн, байгаль орчны цогц үзэсгэлэнг бүрдүүлсэн.
  • Нуурийн эргийн техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд улиас, хайлаас, америкийн саваа мод, орон нутгийн бургас зэрэг мод тариалсан бөгөөд зэгс шагшуурга гэх мэт усны ургамал даган ургасан.
  • Анх 2006 оноос тариалж эхэлсэн Сибирийн цагаан улиас 6 м өргөнтэй 3.5 км урт ногоон төгөл болж жилээс жилд өргөжиж ойн төрхийг бүрдүүлж байна.
  • Нөхөн сэргээлтийн ажлаар тарьсан чацаргана, үхрийн нүд зэрэг жимсүүд нь үр шимээ өгч, ажилчдынхаа хүнсний хэрэгцээнд хэрэглэж байна.