Р.Жигжид: Тосонгийн залуучуудаас сурах зүйл их байна аа

Нийтлэгдсэн: 2 жил, 11 сар өмнө

Тосон гэдэг маань “Монполимет” группийн үйл ажиллагаа явуулж буй ордын нэр. Ху­вийн хэвшлийнхэн бүхнийг бий болгож бүтээдэг, нэг төгрөгийн үнэ цэнийг мэддэг гэдгийн жинхэнэ утгыг эднийхээс харж болно. Гадна хашааныхаа хаалгыг хүртэл бага хөрөнгөөр донжийг нь олоод хийсэн байна лээ.

Ер нь энд нүсэр зүйл ер харагдаагүй. Арга ч үгүй биз, хийсэн бүтээсэн зүйлээрээ салбартаа төдийгүй улсад тэргүүлж, 12 удаагийн топ шагналын эзэд болсон тэдэнтэй юу ярих вэ. Нөгөөтэйгүүр, энэ хамт олон байгалийн нөхөн сэргээлтээрээ салбартаа алдартай. IMG_5420

Зөвхөн мод зүлэг тарьж унаган төрхөнд нь оруулаад зогсохгүй байгалийг өөд татаж, зүс нэмдэг буянтнууд. Тосон үйлдвэрээс холгүйхэн зориудаар бий болгосон Тосон хиймэл нуур өдгөө унаган юм шиг нутагшиж, таван зүйлийн загас үржсэн нь гадна дотныхны нүдийг хужирлахуйц болжээ. Хааяа залуус нь нуураасаа хишиг хүртдэгээ ч нуугаагүй. Ц.Гарамжав захирал “Та нар өөрсдөө үржүүлсэн, тиймээс хэрхэн ашиглах нь та нарын хэрэг. Харин бие биеэ барьж иддэг загас авчирч балрав аа” гэхээс өөрийг хэлдэггүй гэнэ.

Эдний 1992 оноос хойш сэргээсэн биологийн болон байгалийн нөхөн сэргээлтийн талбайг тоон дүнгээр дурьдах нь илүүц. Өнгөрсөн онд гэхэд л 675,7 га талбайд техникийн, 433-д биологийн нөхөн сэргээлтийг хийжээ. Мөн улс болон орон нутгийн төсөвт нийт 47 тэрбум төгрөгийн татвар төлж, зөвхөн нөхөн сэргээлтэд 10,1 тэрбум төгрөг зарцуулсан байх жишээтэй. Урт нэртэй хууль эднийд нөлөөлж, зарим талбай нь хураагдсан гэнэ.

Энэ тухай уурхайчин залуус ярьж, ийм тохиолдолд мэргэшсэн боловсон хүчинтэй манайх шиг байгууллагыг ажлын байраар хангадаг баймаар байна. Мөн хөрөнгө оруулалт нь бүрэн хийгдсэн, үйл ажиллагаа нь тогтвортой үндэсний ком­паниудаа хууль тогтоомжийн гэнэтийн өөрчлөлтүүдээс хамгаалж болдоггүй юм уу. Бид тухайн үеийн Засгийн газрын бодлогыг дэмжиж “Тосон” үйлдвэрээ байгуулсан.

Тогтоол шийдвэр нь ч бий. Үйл ажиллагаагаа явуулсан 20 жилийн хугацаанд сум, орон нутгийн хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан. Гэтэл одоо Урт нэртэй хуулийн улмаас үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа. Түүнчлэн Урт нэртэй хуулийн хилийн зураг зөрүүтэй байгаа.

Та үүн дээр анхаарлаа хандуулаарай. Бас нэг онцолж хэлэх зүйл бол алтны сорьцийн асуудал. Монголын 999 сорьцийг дэлхий хүлээн зөвшөөрдөггүй. Манайх өнгөрсөн зун таван кг алт Японд шинжилгээнд өгсөн. Маш сайн гэж гарсан. Тэгэхээр улсын сорьцийн албаны техник тоног төхөөрөмжийг шинэчлэх цаг болжээ.

Мөн уул уурхайн компанийн нийт зардлын 30 хувийг түлш эзэлдэг. Нефть импортлогч компаниуд уул уурхайн компаниудад жижиглэнгээс дээгүүр үнээр түлш нийлүүлдэг. Энэ нь компанийн эдийн засагт сөргөөр нөлөөлдөг” хэмээн өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Байгаль орчин, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн Д.Октябрь “Уул уурхайн компаниуд байгаль орчин, нөхөн сэргээлтийнхээ менежментийн төлөвлөгөөг БОНХАЖЯ-аар батлуулдаг.

Манайх гэхэд өнгөрсөн жил нөхөн сэргээлтдээ 300 сая төгрөг төлөвлөн түүнийхээ 50 хувь буюу 150 саяыг нь яамны дансанд байршуулсан. Эдийн засгийн нөхцөл хүнд байгаа үед 150 сая төгрөгөө бусдын дансанд сул байршуулж, царцаана гэдэг нь аж ахуйн нэгжид хүнд тусч байна. Яам төлөвлөгөө батлахдаа сум, орон нутгийн байгаль орчны байцаагчаас дүгнэлт авдаг. Тэд манай байгууллагыг нөхөн сэргээлт ямар төвшинд хийдгийг маш сайн мэднэ.

Миний хэлэх гэж байгаа санаа бол нөхөн сэргээлтийг таваас дээш жил чанарын өндөр төвшинд гүйцэтгэж ирсэн нэр хүнд бүхий аж ахуйн нэгжид итгэл үзүүлээд байршуулах мөнгөний хэмжээг багасгаж болдоггүй юм уу” гэлээ. Үүний дараа Ерөнхий геологич н.Баянмөнх “Монполиметийнхэн нүүрсний уурхайд уул геологийн ажлыг өлхөн хийх чадвартай” хэмээн тэрүүхэндээ хамт олноороо бахархаад амжсан бол Ц.Гарамжав захирал ч залуусаа дэмжин “Сайд аа, манай залуус үнэхээр чадна.

Гадаа талбайд байгаа Драгийг манай инженер техникчид өөрсдөө угсарсан” гэж тэднийгээ зочдын нүдэн дээр магтаад авна лээ. Ийн ярилцсаар тэднийхээс хөдлөхөд нар дээр хөөрсөн байлаа. Зам зуур залуусын “Тосон” нуурын хөвөөнөө саатав. Завтай байгаад загасны хэрэгсэлтэйсэн бол мөс цоолж цаг боловч суух юмсан гэж хорхойссон хүн бидний дунд цөөнгүй байсан нь дамжиггүй. Алжаалаа тайлна гэдэг амдралын нэг мөн билээ.IMG_5427

Р.Жигжид: Хариуцлагатай хийгээд хариуцлагагүйн жишээ энд байна

Уул уурхайн сайдын Заамарт өнжсөн хоёр өдрийнхөө ажлыг дүгнэж хэлсэнчлэн төр хуулиа гаргачихаад тодорхой цаг хугацааны дараа яаж үгүйсгэдгийн жишээг бидэнд Заамарын амьдрал харууллаа.

Мөн гадаадын хөрөнгө оруулалттай компани манай улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлснийхээ горыг хэрхэн амсч буйг “Их тохойрол” ХХК-ийн үйл ажиллагаа бидэнд хэлээд өглөө.

Энэ бүхэн бидний засч залруулах гээд байгаа Урт нэртэй хуулийн цоорхойноос үүдсэн асуудал. Хууль нь өөрөө байгаль орчин руу чиглэсэн, сайн хууль. Гагцхүү дагаж мөрдөх журам нь амьдралаас тасарсан явдал. Хариуцлагатай хийгээд хариуцлагагүй уул уурхай гэж юуг хэлдгийг та бүхэн мэдэж авсан байх. Заамар сумыг эдийн засаг хийгээд нөхөн сэргээлтийн хувьд улсын жишиг болгохуйц бололцоо байна.

Нөхөн сэргээлт хийлгүйгээр тусгай зөвшөөрлөө дамжуулан зардаг хууль бус ажиллагааг зогсоох, хариуцлага тооцох гээд бидэнд санаж сэдэж хийх ажил их байна. Нинжа байх эсэхийг шийдэх цаг болж. Баялаг бүтээгчдээ дэмжих үүднээс Монголбанк газрын доорхи нөөцийг нь барьцаалж санхүүгийн дэмжлэг үзүүлж болох эсэхийг судалмаар байна.

Ойрын үед ганц алтныхан гэлтгүй баялаг бүтээгчидтэйгээ уулзмаар байна гэх мэтчилэн олон арван санааг ажлын хэсгийнхэнд өгч, зарим зүйл дээр анхаарлаа хандуулж ажиллахыг үүрэг чиглэл болгосноор Заамар сумыг ардаа орхисон. Шөнийн одод анивчуулсан Улаан­баатарын шинэ өглөөг угтана гэдэг амьдралын тод өнгүүдийн нэг билээ. Замын турш мэргэжлийн үг хэллэг, хууль, эрх зүйн орчин нөхцөл гээд олон зүйлийг чин сэтгэлээсээ тайлбарлаж өгсөн доктор Мөнхцэнгэл, АМГ-ын ажилтан Жаргалнэмэх нартаа болон ажлын хэсгийнхэндээ баярлалаа гэж хэлэх байна.