МэдээДэлхийн цементийн үйлдвэрлэл ба Монгол амбиц

March 20, 2023by monpolymet_admin

 

Монгол Улс хүний хөгжлөөрөө, монгол хүний IQ буюу оюуны чадамжаараа дэлхийн улс орнуудаас хангалттай дээгүүр жагсдаг. Гэвч орлогын тэгш бус байдлаараа дундаас доогуур түвшинд зогсдог. Бүх төрлийн баялгийн нөөцтэй, хүн ам цөөнтэй боловч үйлдвэрлэл хангалтгүй, улсын орлогын эх сурвалж хязгаарлагдмал учраас нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 5000 ам.долларт ч хүрдэггүй нь үүнтэй дуугүй л эвлэрэх шалтгаан болдог.

Гарын хуруунд багтах хүнд үйлдвэрийн тал нь төрийн мэдлийнх байгаа нь манай улсад үйлдвэрлэл хөгжих боломж, үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх бодлого ямар хязгаарлагдмал түвшинд байгааг харуулна. Бид анхнаасаа ийм байсан уу гэвэл үгүй. Монголчууд 30 гаруй жилийн өмнө гутал, хувцсаа өөрсдөө үйлдвэрлээд өмсчихдөг, бүр экспортод гаргадаг, хиам бяслаг, хүнсний хэрэгцээ нь хэнээс ч хараат бус байлаа. Нэр нь мартагдах шахсан Аж үйлдвэрийн комбинат л гэхэд 7000 гаруй ажилтантай байсан гэдэг. Гэвч үйлдвэр, үйлдвэрийн ажилтан, үйлдвэрлэх хэмээх нь тэр цаг үеийн хүмүүсийн дурсамжид л үлдэж, мянга мянган инженер, мэргэжилтэн, эгэл жирийн ажилтан гудамжинд гарсан, Үйлдвэр комбинат гэдэг үгийг зөвхөн автобусны буудлын нэр гэж боддог нэгэн үе өсөж торнисон он цаг өнгөрөөд байлаа, тун саяхныг хүртэл.

Төрийн өмчит ганц үйлдвэртэй, зах зээлийн цементийнхээ 90 гаруй хувийг урд хөршөөс зөөдөг, Замын-Үүд боомт нь зэгэл “нөмрөг”-тэй улсад хувийн хэвшлийн анхны цементийн үйлдвэр Монцементийг 2015 онд Монполимет Групп барьж байгуулсан. 30 жилийн түүхтэй энэ Группийнхэн ингэж олон жил унтсан аж үйлдвэрийн салбарыг сэрээж, Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт шинэ сэргэлт авчирсан. Энэ бол маш том амбиц бас бусдыг гайхшируулсан явдал байсан юм. Саяхан л тоос татуулан вагон вагоноор цемент зөөж байсан улс алга урвуулахын төдийд дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг шингээсэн цогц үйлдвэртэй болж, европ стандартын цемент үйлдвэрлэж жижигхэн эдийн засагтаа өөр нэг өнгө нэмэн солонгоруулав.

Тэд Франц, ХБНГУ, Дани, Их Британи, БНСУ, Япон зэрэг ази, европ тивийн олон улсаас туршлага судалсны үндсэн дээр дэлхийн цементийн салбарын магнат Lafarge Holcim групптэй хамтран ажилласан байдаг. Ингэхдээ WHR (Waste Heath Recovery Power Plant) буюу хаягдал халуун хийнээс эрчим хүч үйлдвэрлэх технологи бүхий үйлдвэрийг нэвтрүүлсэн манай улсын цорын ганц үйлдвэр байна, өнөөдрийн байдлаар. Мөн инженер, техникийн мэргэжилтнүүдээ дэлхийн цементийн зах зээлийн гол тоглогчид болох “Lafarge Holcim” Группийн үйлдвэрүүд, Дани улсын “FLSmidth”, Германы “Heidelberg”, БНСУ-ын “Halla cement” зэрэг үйлдвэрээс туршлага судлуулж, дадлагажих сургалтад тогтмол хамруулан шинэ мэдлэг мэдээллээр цэнэглэж тэдэнтэй хөл нийлүүлэн алхаж байна.

WHR бол дэлхийн томоохон цемент үйлдвэрлэгч орнууд 2002 оноос нэвтрүүлж эхэлсэн “залуухан”, байгаль орчинд ээлтэй, инновацлаг технологи юм. Энэхүү технологийг ашигласнаар үйлдвэрлэлийн бүтээж нэмэгдэх, хог хаягдлыг бууруулах, үйлдвэрийн үйл ажиллагааны зардлыг хэмнэх, үйлдвэрийнхээ эрчим хүчний нөөцийг хангах зэргээс гадна агаарт цацагдах хүлэмжийн хийн ялгаралтыг хамгийн бага түвшинд байлгах давуу талтай.

Тийм ч учраас 2013 он буюу Монцемент үйлдвэрийг ид барьж байгуулж байх үед ийм үйлдвэр дэлхийн цемент үйлдвэрлэлийн салбарт 800 гаруйхан ашиглагдаж байсан судалгаа байна. Жишээ авч үзвэл, Энэтхэг, Японд 20 орчим, өндөр хөгжилтэй Европт 7, Америкт 5-хан байсан хамгийн орчин үеийн дэвшилтэт, өндөр үнэтэй технологийг Монгол Улсад нэвтрүүлсэн нь чанарыг, эко байдлыг нэн тэргүүнд тавьсныг илтгэнэ. Хөндлөнгийн аудитын хийсэн сүүлийн тооцооллоор л гэхэд WHR технологитой Монцемент үйлдвэр 85000 тонн нүүрс хүчлийн хийг агаарт цацагдахаас урьдчилан сэргийлж монголын өргөн уудам говийн эко байдлыг хадгалахад том хувь нэмэр оруулжээ. Мөн дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд барих, хүлэмжийн хийн ялгаруулалтыг хамгийн доод түвшинд хүртэл бууруулах зэрэг зорилготой “Парисын хэлэлцээр”-т 195 орны хамт нэгдсэн өөрийн улсын үүргийг энэ хэмжээгээр биелүүлж байна гэсэн үг. Монгол Улс импортын цахилгаанд жилдээ 100 гаруй сая ам.доллар төлдөг. Тэгвэл WHR технологитой Монцемент Өргөн үйлдвэр дундаж хүн амтай 15-20 сумыг тасралтгүй хангах цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, төвийн эрчим хүчнээс авах ачааллыг 50 хүртэлх хувиар бууруулж байгааг ч мэргэжилтнүүд тодотгожээ. Нэмж хэлэхэд, дэлхийн олон орон цементийн компаниуддаа байгаль орчинд хамгийн ээлтэй WHR технологийг нэвтрүүлэхийг шаардаж буй ажээ.

Хэрэглээний усныхаа 60 хувийг жорлонгоороо урсгачихдаг манай улс усны нөөцийн хомсдолд орох орнуудын жагсаалтад нэлээн дээгүүр яваа. Тэгвэл БНСУ, Япон зэрэг усны менежментээрээ тэргүүлдэг өндөр хөгжилтэй орнуудтай адил саарал усыг дахин ашиглах технологийг Монцемент үйлдвэр мөн нэвтрүүлсэн.

Эдгээрээс гадна Монгол Улсын Монцемент Билдинг Материалс ХХК технологийн хөгжил, бүтээгдэхүүний чанараараа цемент үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын үйлдвэрүүдтэй, 60 мянга гаруй ажилтантай ХБНГУ-ын “Heidelberg” компанитай ижил түвшинд яваа гэдгийг, олон улсын зарим үйлдвэрээс илүү хэмжээнд байгааг “дөрөвдөгч үеийн сараалжин хөргүүр”, “урьдчилан халаагч бүхий эргэх зуух” гэдэг хоёр нэршил бүрэн тодорхойлно.

Гуравхан сая хүн амтай, жилийн цементийн хэрэгцээ нь 3 сая тонн хүрдэггүй Монгол Улсад дэлхийн тэргүүний технологийг эзэмшигч, тогтвортой хөгжлийг манлайлагч үндэсний үйлдвэрлэгч компани нэг ч болтугай байгаа нь бахархалтай.

Аж үйлдвэр тухайн улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь байдаг бол цементийн үйлдвэр дэд бүтцийн хөгжлийн эхлэлийн цэг нь. Цементээ өөрсдөө үйлдвэрлэж зам, гүүр, барилгаас эхлээд бүтээн байгуулалтаа хийж, дэд бүтцээ хөгжүүлэх алхмуудаа шат дараалалтай гүйцэтгэсээр өнөөгийн өндөрлөгт хүрч ирснийг цемент үйлдвэрлэлийн 100 гаруй жилийн түүхтэй ХБНГУ, Япон зэрэг улсын жишээ харуулдаг. Ер нь улс орны хөгжлийг үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, үндэсний үйлдвэрлэл нь нуруундаа үүрч явдгийг монгол залуусын сэтгэлийг татагч БНСУ, Япон, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орны жишээнүүд харуулсаар байдаг.

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг судалгаанд Монгол Улс ихэнхдээ сүүл мушгидаг. Өнгөрөгч онд, янз бүрийн түвшний хөгжилтэй 64 улсыг харьцуулан судлахад манайх засаглалаараа 54, эдийн засаг 58, бизнесийн орчин 60, дэд бүтэц 62 дугаарт  орсон. Үүний гол шалтгаан улс төрийн тогтворгүй байдал, авлига, өр зээл дэд бүтцийн сул хөгжил биш. Ерөөс 30 гаруй жилийн өмнө “голыг нь тасалсан” аж үйлдвэрийн салбараа эргүүлэн амилуулахад төрөөс бодлогоор дорвитой анхаарахгүй байгаа байдал юм. Импортын хувцас өмсөж, хүнс идэж, бүр болохгүйд хүрвэл гаднаас зээл, буцалтгүй авчхаад өдөр хоног, сар жилийг өнгөрөөгч үе үеийн төр засгийн алдаа юм.

Ийм тогтолцоотой нийгэм, хямарсан орчинд хууль эрх зүйн, татварын, зээлийн хүүгийн дарамт дор бизнес эрхэлж, үйлдвэрлэл хөгжүүлж, эдийн засгаа нуруундаа үүрээд бор зүрхээрээ зүтгэсээр дэлхийн хөгжлийг эх орондоо авч ирж байгаа нь монгол хүний хөгжил, оюуны чадамж, хүсэл тэмүүлэл цуцашгүй гэдгийг баталж, бидэнд тэднийх шиг хөгжлийг тээж ирнэ гэдэг итгэл найдвар өгөх ажээ.

Ийнхүү хөгжлийг авч ирэхээр чин сэтгэлээс зүтгэгч тоотой хэдэн үндэсний компанийн нэг бол 30 жилийн түүхтэй Монполимет Групп юм. Тус группийн үүсгэн байгуулагч, таван үйлдвэр байгуулсан эмэгтэй удирдагч, монголын үйлдвэрлэлийн салбарын гол дүрүүдийн нэг, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Гарамжав ойн баярын хурал дээрээ “…Хэдийгээр бид дэлхийн тавцанд хүрсэн хүчирхэг компани болж амжаагүй ч Монгол Улсынхаа хөгжлийн төлөө зорьж яваа бидний сэтгэл, итгэл, нэгдэж хөдөлмөрлөж чаддаг зүтгэл агуу юм. Энэ бол бид нарын үнэт зүйл бөгөөд ирээдүйд тогтож орших, цаашдаа эх орондоо хөгжлийг авч ирэх бидний бахархал бат итгэл үнэмшил юм…” хэмээн хэлсэн.

Монполимет бол Монгол Улсад 30 жилийн турш мэргэжлийн бөгөөд хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлсэн, олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хослуулан явуулж олон улсад туршлагаа хуваалцах хэмжээний нөхөн сэргээлтийн жишгийг тогтоосон компани юм. Тэднээс АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Мьянмар, Этиоп улсын зочид, төлөөлөгч, оюутан, судлаачид хүрэлцэн ирж нөхөн сэргээлтийн туршлага судалж байсан нь үүнийг гэрчилдэг. Олборлолт хийсэн талбайнхаа 80 гаруй хувьд техникийн, 60 гаруй хувь буюу 1000 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний талбайд биологийн нөхөн сэргээлт хийж, 300000 гаруй мод тарьж, ургуулан 5.5 км урттай ойн төгөл бий болгож улсын ойн санд үлэмж хувь нэмэр оруулсан байна. Өөрсдийн гараар Тосон нуурыг байгуулж, эрэг хөвөөг нь тохижуулан Улсын гадаргын усны нөөцөд бүртгүүлснээр олон зуугаар тоологдох нуур, гол, горхи нь ширгэж буй монгол оронд нэгэн шинэ нуур бий болгосон билээ. Эдгээр нь нэг талаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэгч, байгаль орчноо хайрлан хамгаалагч компанийн үйл ажиллагаа. Нөгөө талаар уул уурхайн олборлолтын дараа нөхөн сэргээсэн талбайг эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо эдийн засгийн хөгжилд үр ашиг өгөх нөхцөл боломжийг бүрдүүлж буй ухаан юм.

Энэ бүхний эцэст дүгнэхэд, олборлогчоос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү амжилттай шилжсэн зөв хөгжлийн загварыг бий болгоод зогсохгүй дэлхийн компаниудын техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, өөрсдийн хуримтлуулсан туршлагаа хуваалцаж, хамтран ажиллаж, тэдэнтэй зэрэгцэн алхах үнэ цэнтэй хөгжлийг Монполиметчууд нэгэнт бий болгожээ.

Эх сурвалж: Mongolian economy сэтгүүл, Дэлхий 2023 дугаар. 

MongoliaEnglish