Монголын Банкууд Монполимет группын Тосон үйлдвэрийн байгаль орчны бодлого, нөхөн сэргээлтийн туршлагатай танилцлаа.

Нийтлэгдсэн: 10 сар, 3 долоо хоног өмнө

Монголын Банкны Холбоо (МБХ), Олон улсын санхүүгийн корпораци (IFC), Монполимет групп хамтран Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийн хүрээнд Уул уурхайн салбарын харилцагчийн нөхөн сэргээлтийн шилдэг туршлагатай танилцах арга хэмжээг 2015 оны 8 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Төв аймгийн Заамар суманд байрлах Монполиметийн Тосон үйлдвэрт амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд ТоС-ийн Удидах хороо, ажлын хэсэг болон ТоС хөтөлбөрийн гишүүн банкууд, хамтран ажиллагч байгууллагуудын 50 гаруй төлөөлөл оролцсон юм.

Банкууд Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудыг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний дагуу харилцагчийнхаа байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тооцоолдог болж, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр зэрэг байгаль орчин, нийгмийн өндөр эрсдэлтэй салбаруудад тусгай шаардлагуудыг тавьдаг болж байгаа билээ. Тухайлбал, уул уурхайн салбарын харилцагч хаалтын нөхөн сэргээлт болон үйлдвэрээс гарах хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлсэн байж зээлийн шаардлага хангах юм. Түүнчлэн уул уурхайн төслийн бусад байгаль орчин, нийгмийн гол эрсдэлүүд болох хөрс, ус, агаарын бохирдол, тоосжилт, дуу чимээ, хийн хаягдал, хөдөлмөрийн аюулгүй үйл ажиллагаа, эрүүл ахуй, нутгийн иргэдийн амьдрах орчинтой холбоотой нөлөөллийг харгалзаж зээлийн нөхцөл шаардлагуудыг тогтоодог болж байна.

Үүнтэй холбоотойгоор уул уурхайн салбарын төсөлд банкнаас байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хийхэд анхаарвал зохих асуудлуудын талаар уул уурхайн чиглэлээр мэргэшсэн зөвлөхөөс мэдээлэл авсны дараа Монполимет группын Тосон үйлдвэрийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа, байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлоготой танилцаж туршлага судаллаа.

Монполимет группын хувьд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө хамгийн бага байх сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигладаг цөөхөн компаниудын нэг бөгөөд олборлолт явуулсан газар нутгийн 100%-д техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг төлөвлөгөөний дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгээд байна. Энэхүү хүчин зүтгэлээрээ бусад уул уурхайн компаниудаа манлайлж “Тэргүүний нөхөн сэргээгч” компаниар 11 жил дараалан шалгарсан юм. Монполимет группын биологийн нөхөн сэргээлтийн ажлын нэг чухал хэсэг нь 5,5 км орчим үргэлжлэх газарт 16 га талбай бүхий “Тосон” нуурыг байгуулж, олон наст ургамал, мод бутлаг, жимсгэний модыг олноор тарьж ургуулсан ажил бөгөөд нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн бүтээн байгуулалтын болон нөхөн сэргээлтийн ажлуудыг хийснээ ТоС-ийн ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа.

ТоС-ийн хөтөлбөрийн гишүүн байгууллагууд тус группын байгальд ээлтэй сайн туршлагаас судласан нь цаашид бусад уул уурхайн харилцагчдад уурхайн хаалтыг хэрхэн хийж болох жишгийг танилцуулж, хамтарч ажиллахад өндөр ач холбогдол бүхий туршлага болж чадлаа.

Эх сурвалж: www.mba.mn