МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД МОНЦЕМЕНТ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

Нийтлэгдсэн: 1 сар өмнө

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх 10-р сарын 15-16ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаа. Дорноговь аймаг нь Монгол улсын тээвэр ложистик, аж үйлдвэрлэлийн гол төв цэг болон хөгжиж байгаа бөгөөд шинэ төмөр зам, газрын тосны олборлолт, нефть боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалт ид хийгдэж байгаа юм.

Ерөнхий сайд орон нутагт ажиллах үеэрээ жилд 1 сая тонн Европ стандартын цементийг хуурай аргаар үйлдвэрлэх Монцемент үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Монцемент төсөл нь монгол орны эдийн засгийн хүнд үед гадаадын хөрөнгө оруулалтыг өөртөө татаж, говийн бүс нутагт болон нийслэл хотод цогц бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж, дотоодын цемент хэрэглээний зах зээлийн 40 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэж байгаа хамт олон юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын дэд бүтэц, аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалт ид өрнөж байгаа бүс нутагт Дэлхийн стандартаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж буй Монцемент үйлдвэр хажууд нь байгааг олзуурхаад төр засгаас хэрэгжүүлж байгаа дээрх бүтээн байгуулалтуудын ажилд хамтран ажиллах боломж байгаа тухай үйлдвэрлэгчдэд хэлж байлаа. Мөн байгальд ээлтэй, сөрөг нөлөө багатай технологи ашиглаж, цэвэр ус, эрчим хүчээ хэмнэж байгааг Ерөнхий сайд сайшааж байлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Монгол улсын бүтээн байгуулалт, мега төслүүдийг хэрэгжүүлэхэд цемент, арматур зэрэг гол бүтээгдэхүүнүүд их хэрэгтэй. Эдгээрээс цементийг эх орондоо үйлдвэрлэж байгаа Монцементийн хам олон та бүхэнд чин сэтгэлээсээ баярлаж байна. Эх орныхоо баялаг түүхий эдийг нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон зуун шинэ ажлын байр бий болгож, эх орныхоо бтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа залуучуудыг хараад үнэхээр сэтгэл хөдөлж байна. Үнэхээр сайхан хамт олон байна. Та бүхэнд амжилт хүсье. хэмээн Монцемент үйлдвэрийн хамт олонд хандаж хэллээ.