Цаг үеийн асуудлаар Монполимет ХХК-ний удирдлагууд мэдээлэл хийлээ.

Нийтлэгдсэн: 1 сар, 1 долоо хоног өмнө


“Дэлхийн Монгол” Төрийн бус байгууллагын зөвлөлөөс Төв аймгийн Заамар сумын Туул голын савыг ухаж, сүйтгэж байгаа талаар мэдээлэл хийсэн. Тэгвэл “Монполимет” ХХК-ийн Геологи, Уул уурхайн албаны дарга Б.Баянмөнх, Тосон үйлвэрийн ерөнхий инженер Д.Ганбат нар хариу тайлбар өглөө.

Тэд “Монполимет” ХХК-ийн Тосон үйлвэрийн үйл ажиллагааг ард иргэдэд буруу ташаа мэдээлсэнд харамсаж байгаагаа илэрхийлэв. Геологи, Уул уурайн албаны дарга Г.Баянмөнх “Манай байгууллага 1992 онд байгуулагдсан. Одоогоор уул уурхай, болон барилгын материалын чиглэлээр үйл ажиллаа явуулдаг. Мэргэжлийн боловсон хүчинтэй. Шинэ технологийг нэвтрүүлж ажилладаг. Уул уурхайн салбарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаагаараа танигдсан үндэсний хөрөнгө оруулагч компани юм” хэмээн онцолж байв.

Түүнчлэн Төв аймгийн Заамар сум болон Булган аймгийн Бүрэгхангайд үйл ажиллагаа явуулдаг. Тосон үйлдвэрийн хувьд 10 орчим жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Монголын уул уурхайн салбарт Монполимет” ХХК Тосон уурхай болон нөхөн сэргээлтээрээ жишиг уурхай болгож чадсан юм. Уул уурхай нь өөрөө онцлогтой салбар. Олборлолт явуулж байгааг энгийн иргэн харахад арай өөр дүр зураг харагддаг. Харин техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсний дараа урьд байсан хэв шинжтэй дөхөм харагддаг. Хамгийн гол нь байгалийнхаа баялгийг зүй зохистойгоор ашиглаж, буцаан нөхөн сэргээлтийг чанартай хийдгээрээ Монполимет Группын Тосон үйлдвэр онцлогтой.

"Монполимет” ХХК уул уурхайн салбарт 27 жил ажиллахдаа улсын болон орон нутгийн хэмжээнд нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтыг мэргэжлийн байгууллагууд болон холбогдох яам тамгын газар, мэргэжлийн хяналтын газрууд, төрийн бус байгууллагуудтай хамтран гурван ч удаа явуулж байжээ. Уг ажлын хүрээнд манай улсад ижил түвшинд үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудад хэрхэн зөв зохистой ажиллаж болдог талаар үлгэр дуурайл болж байсан талаар дурдлаа.

Тус компаниас биологийн нөхөн сэргээлтийн сургалтыг үе шаттайгаар танилцуулдаг. Энэ жил уул уурхай болон нөхөн сэргээлт хоорондоо хэрхэн уялдаатай байдаг талаар 4 дэхь удаагийн эрдэм шинжилгээний бага хурал болон үзүүлэх сургалтыг 9-р сард зохион байгуулахаар зэхэж байгаа аж.


“Манай Тосон үйлдвэрийн үйл ажиллагаа хаалтын түвшиндээ явж байгаа учраас эндээс иргэдэд ямар үр өгөөж өгч болох ямар боломж буй талаар судалгаа явуулж үүний дүнд аялал жуулчлал, спорт загас агнуурт зохицох 16000м2 талбай бүхий Тосон нуурыг бий

болгож орон нутагт нь хүлээлгэж өгсөн байдаг. Мөн мод тарих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бэлчээр бий болгох зэрэг үйл ажиллагааг олборлолт явуулсан талбайдаа хийж байгаа. Өөрөөр хэлбэл ард түмэндээ хүлээлгэн өгөхдөө бэлдэж байгаа гэсэн үг” хэмээн “Монполимет” ХХК-ийн Геологи, Уул уурайн албаны дарга Б.Баянмөнх ярьж байлаа.

Тэд жил болгоны Уул уурхайн тайлангаа холбогдох яамдуудад гарган, төлөвлөгөөгөө батлуулдаг. Төлөвлөгөөний дагуу бүх үйл ажиллагаагаа явуулдаг учир хууль зөрчсөн ямар ч асуудал байхгүй. Түүнчлэн өчигдөр тус компанийг туул гол бохирдуулж байгаа талаар мэдээлсэн. Харин энэ талаар “Бид туул гол дотор болон онцгой хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль болон шаардлагатай технологийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг юм. Ашигт малтмалын ордын хувьд шороон ордыг устай болон усгүй гэж хуваадаг. Манай үйлдвэр бол устай орчинд ашиглалт явуулах хамгийн эко технологиор олборлолт, нөхөн сэргээлтийг явуулдаг. Бидний үйл ажиллагааны нөлөөгөөр Туул гол бохирдох нөхцөл байхгүй гэдгээрээ онцлогтой" гэсэн тайлбарыг өгч байлаа.