Mining Journal Awards-ийн хамгийн олон оролцогчтой номинаци нь “Эко уурхай”.

Нийтлэгдсэн: 2 жил, 8 сар өмнө

Mongolian Mining Journal сэтгүүлийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Mining Journal Awards шалгаруулалт энэ жил 5 дахиа болов. Энэхүү шалгаруулалт мэргэжлийн Шүүгчдийн хараат бус үнэлгээнд үндэслэн, онооны нийлбэрээр шилдгийг тодруулдаг.

Mining Journal Awards-ийн хамгийн олон оролцогчтой номинаци нь “Эко уурхай”. Өмнөх жилүүдэд уг номинцид 30 хүртэл компани өрсөлдөж байсан удаатай. Энэ удаа Монполимет групп хамгийн өндөр оноо авч, оны шилдэг “Эко уурхай” боллоо.

Тус компани 2014 онд 74.3 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 37.3 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж, их хэмжээний мод бут суулган, орон нутгийн иргэдийг энэ ажилдаа хамруулж, ажлын байраар хангасан байна. Уул уурхайн компани болгон байгалийг эвдэн сүйтгэдэггүйг ялган салгаж, сайныг нь урамшуулж, саарыг нь шахаж шаардаж явах ёстойг Шүүгчдийн Зөвлөлийн эрдэмтэд тэмдэглэлээ. “Эко уурхай” номинацийг дүгнэх шалгуур 9 үзүүлэлтийг Байгаль орчны яамны мэргэжилтнүүд гаргасан ба хамгийн хатуу шалгууртай номинаци гэдгийг уул уурхайнхан өгүүлж байлаа.

Уурхайн олборлолтын дараа байгаль орчны асуудлыг орхигдуулалгүй, нөхөн сэргээлтийн ажлыг цаг хугацаанд нь, чанарын өндөр түвшинд хийж ирсэн хамт олон юм. Жил бүр БОНХЯ, МХЕГ, АМГ зэрэг төр захиргааны байгууллагуудаас уламжлал болгон тодруулдаг “Байгаль орчинд ээлтэй” аж ахуйн нэгж, оны шилдэг байгууллага зэрэг шагналын эзнээр удаа дараа тодорч байсан нь бидний хийсэн ажлыг төр засгаас үнэлж байсны нэг илрэл гэж ойлгодог. Бидний байгаль орчныг нөхөн сэргээх ажлын бодлогын нэг хэсэг нь нөхөн сэргээлтийг зөвхөн өөрсдөө хийгээд зогсохгүй уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгжүүдийг нөхөн сэргээлтийн ажилд татан оролцуулах, байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах сэтгэхүйг уурхайчид болон нутгийн иргэд, нийт ард иргэдэд төлөвшүүлэх, уурхайн олборлолтын талаар мэдлэг мэдээлэлтэй болгох, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын ач холбогдлыг сурталчилах зорилгоор 2014 онд “УУРХАЙН ХААЛТ БА БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ” сэдэвт онол практикийн IX хурлыг МХЕГ, Германы хамтын ажиллагааны BGR төсөлтэй хамтран өөрийн үйлдвэрийн сайт дээр 2 дахь удаагаа амжилтай зохион байгуулсан.

Салбартаа шинэлэгт тооцогдох, уурхайн олборлолт, нөхөн сэргээлтийн талаар Оюуны хөрөнгө оруулалт хийсэн энэхүү ажлаараа “ MINING JOURNAL AWARDS-2014” наадмын “ШИЛДЭГ ЭКО УУРХАЙ” шагналын эзэн боллоо.

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар зэрэг төрийн захиргааны байгууллагын захиргаадалт, үзэмж дор явагддагүй, харин мэргэжлийн Шүүгчдийн үнэлгээний зарчмаар, хараат бус дүгнэгддэг тул Mining Journal Awards-ийн нэр хүнд салбартаа өндөр байсаар иржээ.